“Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдана” гэх ардын зүйр үг бий. Яг түүн шиг монголчууд өөрсдийнх нь амь нас эрүүл мэндийн төлөө санаа тавьсан хэн бүхнийг заналт дайснаа хэмээн нэрлэж, дэлхийн шинжлэх ухааны эрдэмтдийн гаргаж ирсэн вакцинд үл итгэн амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулсаар байх ажээ. Эрүүл мэндийн байгууллагад ковидоор хүндрэн очиж буй иргэдийн 50-иас илүү хувь нь вакцины I, II тундаа хамрагдаагүй, эс бөгөөс архаг суурь өвчтэй иргэд байгаа гэдгийг эмч нар хэлж байна.
Гэтэл энэ бүхнийг залуус үл тоож вакцинаа хийлгэхгүй, гуравдугаар тунг хүлээн зөвшөөрөхгүй атлаа олон нийтийн газар тэр дундаа баар, караоке, тоглолт шоу хэсэж аав ээж, эмээ өвөөгөө эрсдэлд оруулсаар байгаа нь худлаа биш юм.
Монголчууд дэлхийд нэг, хоёрдугаар тунгийн вакцинжуулалтын үр дүнгээрээ үлгэр жишээ болж байгаа. Энэ нь бидний сайн сайхны төлөө ажилласан Засгийн газар болон Гадаад харилцааны яам, Эрүүл мэндийн яам, НЭМГ, УОК, НОК-ын ач буян гэдгийг хэлэхэд магтсан бас долоосон болохгүй биз ээ. Учир нь дэлхий нийтээрээ хэдэн зуун мянган иргэнээ цар тахлаар алдаж, зарим улс орнууд гудамжиндаа цогцсоо шатааж, вакцин олж авахын тулд очер дараалал үүсгэж байхад монголчууд нэг, хоёрдугаар тундаа бүр сонголтоор хамрагдаж, зарим нь голж шилэн хийлгэхгүй хэмээн жагсаж тэмцэж байлаа.
Олон улсын “Ковакс” хөтөлбөр, БНХАУ-ын буцалтгүй тусламж, ОХУ-ын хандив, бэлэг гэх мэтээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний гуйж гувшиж олж ирсэн дөрвөн төрлийн 2.9 сая тун вакцинаар иргэдээ дөрөв, тавдугаар сард бүрэн вакцинжуулахын тулд төр нь аргаа бараад гуйж суусан нь худлаа биш. Үүний үр дүнд нийтээрээ зунжингаа аялж, зугаалж, найрлаж наадамлав. Өвчлөлийн тоо буураагүй ч хүндэрч буй иргэдийн тоо багассан нь яах аргагүй вакцины ач буян байсныг нуух юун. Дэлхий дахинд жингийн багахан илүүдэлтэй, сахрын өвчтэй, архаг суурь өвчтэй хүмүүс туссан даруйдаа нас барж байхад нийт хүн амынх нь 20-40 хувь нь жингийн илүүдэлтэй монголчууд харин тэсээд үлдсэн нь яах аргагүй эртхэн вакцинд хамрагдсаны ач буян гэдэгт хэн ч маргахгүй биз ээ.
"Камертон" хамтлагийн тоглолтод залуус цугласан байдал /2021.10.15/
Гэсэн ч шинэ тутамд хувьсан өөрчлөгдөж байгаа коронавирус нь өөрөө дэлхийн шинжлэх ухааныг ч сорилтод оруулж, хоёр, гуравдугаар тунгийн хамгаалалт нь хамгийн багадаа зургаан сар л үргэлжлэх юм байна гэдгийг эрдэмтэд өөрсдөө хүлээн зөвшөөрлөө. Тиймээс цааш, цаашдаа 3-6 сар тутамд дархлаажуулах нэмэлт тунгийн вакцинжуулалт явагдсаар байхыг ч хэлж байгаа билээ. Дэлхий нийт өмнөх шигээ энгийн байдалд шилжихийн тулд багадаа л 2-6 жил шаардлагатай бөгөөд энэ хугацаанд коронавирус нь энгийн нэг ханиадны вирус шиг болтлоо хүч сулрах, бүрэн эдгээх эм тариа гарч ирэхийг хүлээхээс өөр аргагүй юм.
Харин энэ хугацаанд хүн төрөлхтөнийг аварч үлдэх ганцхан зүйл нь вакцин. Тиймдээ ч улс орнууд гуравдугаар тунг иргэддээ хийж эхлэв. Тухайлбал, АНУ манайхтай адилхан өнгөрсөн намраас эхлэн иргэдээ гуравдугаар тунд хамруулж эхэлсэн бол Япон улс ирэх арванхоёрдугаар сараас эмнэлгийн ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулж, үргэлжлүүлэн нэгдүгээр сард иргэдээ нэмэлтээр вакцинжуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж эхэлжээ.
Бүр иргэд ажлын байран дээрээ вакциндаа хамрагдахаар зохицуулалтыг хийж байна. Тэгвэл Европт ковидын тав дахь давалгаа эхэлсэн учраас Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон иргэдээ гуравдугаар тунд хамруулахыг уриалж, эрүүл мэндийн гэрчилгээнд гуравдахь тунд хамрагдсан байх нөхцлийг оруулна гэдгээ мэдэгджээ. Өчигдрөөс эхлэн Австрали улс ч гуравдугаар тунг идэвхжүүлэх шийдвэр гаргаж, нэмэлт сэргээх тундаа хамрагдаагүй иргэдийг хөл хорих шийдвэр гаргав. Дэлхийн улс орнууд ингэж л захиргаадалтын аргаар иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тэмцэж байна.
Нөгөөтээгүүр, дэлхий дахин нэг, хоёрдугаар тунгаа арайхийн олон зуун сая, тэрбум хүн амдаа хүргэж дуусаад, одоо л гуравдугаар тун руугаа орж байгаа аж. Гэтэл манайх наймдугаар сараас нэмэлт тунгийн вакцинжуулалтаа эхлүүлж, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд нь индэр дээрээс бөхийгөөд гуйсан ч бид харин гэдийсээр л. Төр нь төмөр нударгаар, захиргаадалтаар бус гуйж байхад монголчууд ялихгүй атлаа ямаан зангаараа гэдийж, өнөөх л “Миний амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулж байна”, “Бидэнд хор шахах гэж байна” гэсэн үлгэрийн зүйлсдээ итгэж, үл тоосоор...
ХӨСҮТ: Вакцин нь өвдөхөөс 75 хувь, амь насаа алдахаас 92 хувьтай хамгаална
Монголчуудын хэнээрхэл, үл тоосон хайнга зангаас болж өрх бүр хагацал үзэж, өвгөд хөгшдөө цар тахлаар алдаад дуусах ёсгүй юм. Эмнэлгүүд нь ковидын дараах хямралд өртсөн өвчтөнүүдээр дүүрч, зүрхний өвчтэй иргэдийн тоо ч эрс нэмэгдлээ. Уг нь ийм зүйл болгохгүйгээр аль наймдугаар сараас хойш нэмэлт тунгаа хийлгэхийг уриалж байхад хийлгэчих боломж бидэнд байжээ. Эрүүл мэндийн байгууллага, эмч нар “Өнөөдрийн байдлаар гуравдугаар тундаа хамрагдсан иргэдээс нэг ч хүн эрчимт эмчилгээний тасагт орж ирээгүй. Вакцин нь өвдөхөөс 75 хувь, амь насаа алдахаас 92 хувьтай хамгаалж байгаа гэдгийг ХӨСҮТ-д эмчлүүлсэн 30 гаруй мянган иргэний судалгаа харуулсан” хэмээн тоо баримттай, тооцоо судалгаатай мэдээлэл өгсөн ч тэд тоосонгүй.
Өнөөдрийн байдлаар зорилтод бүлгийн нийт хүн амын 20 хувь, нийт хүн амын ердөө 15 хувь нь гуравдугаар тунд хамрагджээ. Харин нэгдүгээр тунд 69.4 хувь буюу 2.2 сая иргэн, хоёрдугаар тунд 65.9 хувь буюу 2.1 сая иргэн хамрагдсан бол гуравдугаар тунд ердөө 502 мянган иргэн л хамрагдав. Эндээс нийслэлийн 262 мянган иргэн нэмэлт тундаа хамрагдаад байгаа нь маш хангалтгүй тоо гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж онцлов.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүлээн зөвшөөрч, дэлхийн зарим улс орнуудад хайгаад ч олдохгүй байгаа “Файзер”-ын хоёр сая гаруй тун вакцин хийлгэх эзнээ хүлээн эмнэлгийн хөргөгчинд байсаар л. Гэтэл монголчууд вакцинд итгэхгүй атлаа бааранд орж, караокед дуулж, урлагийн тоглолт хэссэн хэвээр л. Корона бол зөвхөн ханиад гэсэн үлгэрт итгэсэн хэдэн зуун мянган хариуцлагагүй иргэн вакцины тундаа хэн нэгнээр гуйлгаж, шавдуулахгүйгээр хамрагдсан 500 мянган иргэнээ эрсдэлд оруулж, ар гэр үр хүүхэд, аав ээждээ ч гай чирч очиход бэлхэн гудамжинд хэсэж явна.
Хэдийгээр ковид бол ялгаварлан гадуурхах, хэн нэгнийг вакцин хийлгэсэн, хийлгээгүйгээр нь ялгах зүйл биш хэдий ч дэлхий нийт өөрсдөө энэ хандлага руу явж эхэллээ. Тухайлбал, Австрали улс гэхэд л гуравдугаар тун хийлгээгүй иргэн үйлчилгээний байгууллага руу орох, олон нийтийн газраар явахыг хориглож эхлэв.
Тэгвэл Монгол Улс ч одоо төрийн төмөр нүүрээ харуулж урлагийн тоглолтоос гадна үйлчилгээний газруудыг ч гуравдугаар тундаа хамрагдаагүй иргэдэд үйлчлэхээс татгалзах зэргээр илүү өргөн далайцтай ажил хийхгүй бол улирлын томуутай хавсарсан ковид энэ өвөл хэдэн мянган хүнийг бурханы орон руу илгээхийг таах аргагүй билээ. Төр хангалттай удаан иргэнээ гуйсан. Бүр Ерөнхий сайд нь гуйлаа. Одоо хариуцлагатай байсан иргэдийнхээ амь насыг хамгаалах үүднээс бага ч болтугай төмөр нударгаа харуулах хэрэгтэй байна. Бид, бидний үр хүүхэд хариуцлагагүй, хайнга нэгнээс болж эрсдэлд орох ёсгүй юм.