Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тодруулбал, "Рио Тинто", "Туркойз Хилл" компанийн зүгээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглаж ирүүлсэн албан бичигтээ 34 хувийн өрийг 100 хувь тэглэхээр болсноо бичжээ.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ярихдаа “Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Оюутолгойн төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай ажлын хэсэг байгуулагдаад жил гаруйн хугацаанд ажиллаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдын нэр дээр “Рио Тинто” болон “Туркойз Хилл”-ийн удирдлагуудаас захидал ирснийг уншиж үзээд, Түр хорооны гишүүдтэй зөвшилцөөд та бүхэнд мэдээлэл хийж байгаа юм.
Захидалд “Саяхан бид Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон Түр хорооны гишүүдтэй уулзалт хийсэн. Оюутолгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэх, 2015 онд байгуулагдс ан Дубайн гэрээг цуцлах, “Эрдэнэс Оюутолгой” компанийн талд үүссэн өрийг тэглэх, төслийн үйл ажиллагааг цаашдаа нээлттэй ил тод болгох талаар санал солилцсон. Бид Удирдах зөвлөлөөр хэлэлцээд дараах таван арга хэмжээг авч байна.
-Нэгдүгээрт, Оюутолгой төслийн Монгол Улсын Засгийн газарт ногдох 34 хувийн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэж байна. Өмнө тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр цаашдаа үүсэхгүй. “Эрдэнэс Оюутолгой” хувьцаат компанийн 34 хувийн эзэмшлийн үнэ цэнийг нэмж, ногдол ашиг наашилна. Үндсэндээ 34 хувийг монголчууд үнэгүй авч байна.
-Хоёрдугаарт, Далд уурхайн санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг энэ захидал явуулсан өдрөөр дуусгавар болгож байна.
-Гуравдугаарт, Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт буюу өмнө зарцуулагдсан дүнд Засгийн газар хөндлөнгийн аудит оруулж, хэрвээ Монголын газар нутагт зарцуулагдаагүй мөнгөн дүн гарч ирвэл нөхөн төлөх
-Дөрөвдүгээрт, гүний уурхай ашиглалтад ороогүй удсан. 2022 оны 4-5 сард ашиглалтад оруулах бөгөөд цаашид гарах зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцах.
-Тавдугаарт, Оюутолгойн засаглалыг сайжруулах, Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс эрчим хүч авах гэрээ байгуулах, байгаль орчныг сайжруулах чиглэлд хамтран ажиллахаар болно. Энэ шийдвэрийг гаргах амаргүй байсан ч бид итгэлцлийг бий болгох үүднээс энэ бүх шийдвэрийг гаргаж, УИХ-ын 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлсэн гэж үзэж байна” хэмээн захидалдаа дурдсан байна.
Цаашлаад гүний уурхайг ашиглалтад оруулах талаар ажлын хэсэг зөвшилцөлд хүрч чадвал 2022 оны нэгдүгээр улирлаас ажлаа эхэлнэ гэсэн байна. Энэ хугацаанд бидэнтэй хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Хуульзүйн сайд Х.Нямбаатар, Дэд сайд Б.Солонгоо болон бусад бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Нэг өдөр бүх зүйл өргөс авсан мэт сайхан болохгүй ч цааш цаашдаа зөвшилцөл амжилттай явах эхлэл тавигдлаа. Сүүлийн 12 жилд анх удаа хөрөнгө оруулагч тал буулт хийлээ. Гадаад талдаа ч биш зөвшилцөж чадаж байна, нээлттэй байгаа шүү гэдгээ илэрхийлэх чухал алхам боллоо” гэв.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Олон жил бид тэмцсэн дээ. Хамт тэмцсэн зарим гишүүд маань энд алга байна. Биднийг олон жил харлуулсан даа. Гэхдээ үр дүн бол гардаг юм байна. Их хурал, Түр хороо, Засгийн газар нэг талдаа байсны үр дүн юм. Өмнө нь бол Засгийн газар нөгөө талд гарчихаад бидэн рүү чулуу шиддэг байсан. Нэг талд байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танд талархлаа илэрхийлье. Бүлэглэл холбогдсон түвэгтэй ажлыг бид нэг талд гарснаар шийдэж чадлаа. Дубайг цуцалж чадлаа. Мэдээж бүх зүйл нэг өдөр шийдэгдэхгүй. Цаашдаа яриа хэлцэл үргэлжлээд явна” гэлээ.


