ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Наадмын тоосонд дарагдсан Ерөнхий сайдын үүрэг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-08-20

Улсын хэмжээнд энэ зун хур бороо ихтэй байснаас үүдэж үерийн гамшиг хаа сайгүй боллоо. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх долдугаар сарын 19-ний өдөр Улсын онцгой комиссыг зарлан хуралдуулж, холбогдох албаны хүмүүст үүрэг даалгавар өгсөн.  Наадмын үеэр Баян-Өлгий аймагт үер бууж, онц их хэмжээний хохирол учирсан. Зөвхөн  хүнсний бараа материал, тоног төхөөрөмж авахад 700 гаруй сая төгрөг хэрэгтэй байгаа талаар Улсын онцгой комисст мэдэгдэл ирүүлсэн байдаг.

Мөн усархаг борооны улмаас 13 аймгийн нутаг дэвсгэрт, 29 байрлалд 116 км авто замд ноцтой эвдрэл үүссэн билээ. Өөр өөр хэлбэл долдугаар сарын 19-ний өглөөний 08:00 цагийн байдлаар 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Нийт замын байгууламжид гарсан эвдрэл гэмтлийг засварлахад хоёр тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай гэх мэдээллийг Онцгой комиссын хуралд оролцсон албан хүмүүс өгсөн байдаг. Түүний дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Их устай зуны дараа өвөл хүндэрдэг жам байдаг.  Үүнийг Хөдөө аж ахуйн сайд анхааралдаа аваарай. Өвлийн бэлтгэлээ эртнээс базаахад бүх байгууллага анхаараарай. Намрын ургац тариа хураалт гээд ажил одоо эхлэх учраас наймдугаар сарын 1 гэхэд  төрийн алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж эхлэх ёстой.

Тэрнээс наана хүмүүсээ амраагаад дуусга. Наймдугаар сарын 1-нээс өмнө бүх найр, наадмыг дуусга” гэсэн үүрэг даалгавар өгсөн юм. Гэвч Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврыг нийслэл, дүүрэг, аймаг, сум, хороо, багийн ямар ч дарга биелүүлсэнгүй. Худлаа хэлсэн хүнд одоо ч найр наадам тасраагүй л байгаа. Засгийн газрын тэргүүний өөдөөс “дунд хуруу” гозойлголоо. Тэр ч битгий хэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь ч түүний үүрэг даалгаврыг нохой хуцаж байгаа чинээ тоогоогүй юм.   Тодруулбал, “Ламын Гэгээн Эрдэнэбандид хутагтын хошуу наадам наймдугаар сарын 2,3,4-ний өдрүүдэд Баянлиг сумын төвд болно. Хошуу наадмын үеэр Ардын Хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар Монгол Улсын “Харцага” цол хүртсэн Баянбулаг сумын харьяат Их-Богд бөхийн дэвжээний бөх Нацагсүрэнгийн Золбоо, Монгол Улсын “Начин” цол хүртсэн Заг сумын харьяат Хонгор нутаг бөхийн дэвжээний бөх Дашдоржийн Цэрэнтогтох нарт хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно. Наадамчин олон та бүхнийгээ хүрэлцэн ирэхийг хүндэтгэн урьж байна!” гэсэн зар тараагаад сууж байх жишээтэй.  

297 саяыг үрсэн Даншиг

Ерөнхий сайд үүрэг даалгавар өгөөд 10 гаруйхан хонож байхад НЗДТГ-аас Гандан хийдтэй хамтран зохион байгуулдаг  “Хүрээ цам-Даншиг наадам”  болсон юм. Наймдугаар сарын 4, 5-ны өдөр болсон энэхүү наадмыг зохион байгуулахад тэрбум төгрөг зарцуулж байгаа гэсэн мэдээлэл гарч байлаа. Харин зохион байгуулагчид нь 297 сая төгрөг зарцуулж байгаа талаараа энэ сарын 1-ний өдөр хурал хийж мэдэгдсэн билээ.  Зохион байгуулагчид нь энэ наадмыг жил бүр уламжлал болгон хийж байгаа учраас энэ удаад ч таслахгүй хийх гэж байгаагаа тэр үед мэдэгдэж байлаа. Цаашид ч жил болгон уламжлан хийхээ бас хэлсэн. Нөгөө талаар цамын бүжгийг гадаад, дотоодын жуулчид сонирхож үздэг. Японы 100 гаруй жуулчин цамын бүжиг үзэх захиалгаа өгсөн гэж мэдэгдсэн. Мөн Хятадын 400 жуулчин “Даншиг наадам” үзэхээр ирнэ гэсэн мэдээлэл ч гарч байлаа. Ерөнхий сайдын үүрэг даалгаврыг биелүүлээгүй шалтгаан нь тэр байсан бололтой юм. Ямар ч байсан Даншиг наадам болдгоороо болж, хоёр өдөр найрлаж наадамлав. Бөх барилдаж, морь уралдуулсан. Даншигт түрүүлдэг бөх нь түрүүлсэн. 297 сая төгрөгөө ч үрсэн байх. Харин жуулчдаас хэдий хэмжээний орлого олж, зарлагаа нөхсөн талаар мэдээлэл алга.  

“Нүүдэлчин Монгол” наадам тав хоног үргэлжлэв

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг даалгавар хаданд хашгирсан цуурай байсныг илтгэсэн нэгэн наадам энэ сарын 11-15-ны өдрүүдэд Хүй долоон худагт болсон.  Энэхүү наадмыг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулсан юм.  Наадмын зорилго тун сайхан.  “СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчлах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой” гэж байгаа.   21 аймаг, есөн дүүргийн соёлын биет бус өвийг тээгч 700 гаруй ардын авьяастнууд, гар урчууд болон үндэсний спортын 2000 гаруй тамирчин Хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд отоглон бууж, өөрсдийн авьяас билиг, ур чадвараа гайхуулан цэнгэж, шилдгүүдээ тодруулсан гэхээр ямархуу нүсэр наадсан нь тодорхой.  Наадмыг зохион байгуулахад хэчнээн сая төгрөг зарцуулсан талаар мэдээлэл алга.  Ямар ч байсан соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулж, нийтдээ 50 сая төгрөгөөр шагнасан.  Улс даяар үер ус болж, гамшиг тохиож, тэрбумаар тоологдох гарз хохирол учраад байхад өч төчнөөн саяар нь зарлагадаж, наадам хийлээ.  Ерөнхий сайдын үүрэг бас л дашийн шог болж хувирсны нэг жишээ энэ. 

Баянгол дүүрэг туурга тусгаар наадлаа

Монголын уламжлалт соёл, биет бус өвийг сурталчлах наадмыг Соёл урлагийн газар, БТСГ хамтран зохион байгуулсан. Гэтэл Баянгол дүүрэг тусдаа “Баянгол номадик фестиваль” гээчийг энэ сарын 08-ны өдөр зохион байгуулсан билээ.  Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, дүүргийн Засаг даргын хамтарсан захирамжаар нийслэлийн "Аз жаргалтай Улаанбаатар", Баянгол дүүргийн "Найрсаг Баянгол" хөтөлбөрийн  хүрээнд энэхүү наадмыг зохион байгуулсан гэж байгаа. Зорилго нь Монголын уламжлал соёл, зан заншил, спорт, ардын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах. Даншиг наадам болоод “Нүүдэлчин Монгол” наадмаас юугаараа ялгараад, ямар өөр зорилготой вэ гэдгийг нь сайн мэдэхгүй юм. Ялгаагүй л цамын бүжиг бүжиглэж, ардын урлагийн тоглолт болж, бөх барилдлаа. Бас л төсвийн өч төчнөөн мөнгө үрж, найрлаж наадамласан үйл явдал. Ерөнхий сайдын үүрэг даалгавар дахиад л албан тушаалтнуудын нэг чихээр ороод нөгөө чихээр гарсан жишээ, энэ.