ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Монгол Улсын өр яг хэд вэ гэдэг асуултад хариулт авч чадахгүй байна

O.Admin
2022-10-31

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээллээ. 

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Өнгөрсөн бүлгийн хурлуудаар Монголбанкны удирдлагууд болон Үндэсний аудитын газар, Үндэсний статистикын газрын удирдлагуудыг дуудаж, мэдээлэл авлаа. Учир нь улсын төсвийг өргөн барьж хэлэлцэж байна. Эдгээр байгууллагууд Засгийн газраас тусдаа үйл ажиллагаа явуулдаг хараат бус байх ёстой байгууллагууд. Засгийн газраас өргөн барьсан төсвийн тухай хуулийн зөрчилд эдгээр байгууллага ямар байр суурьтай байгааг сонсож, тодруулсан. Бид гурван зүйл дээр хариулт авах гэсэн юм. Монгол Улсын өр яг хэд вэ гэдэг асуултад хариулт нэхлээ. Ард түмний нэрийн өмнөөс төр хариуцах ёстой Монголбанк, Хөгжлийн банк, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өрийг оруулахгүй тооцож байгаад холбогдох мэргэжлийн байгууллагуудаас тайлбар авахад Засгийн газрыг өмөөрч, "бөөрөнхий" хариултыг өгч байна. Засгийн газар төсвөөс гадуурх зарцуулалтыг их хийж байна. Төсвийн алдагдал 1.5 их наяд төгрөг болж байгааг нуун далдалж, Ирээдүйн өв сангийн мөнгийг үүнд оруулж тооцоолж байна. Тухайн байгууллагын удирдлагуудыг бие дааж ажиллахыг санууллаа.

2022 оны дөрөвдүгээр улрал болж байна. Эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байна вэ. МАН таван зүйл заалттай 700-аад зүйл амласан мөрийн хөтөлбөр дэвшүүлж байжээ. Энэ долоо хоногт мөрийн хөтөлбөрийн нэгдүгээр бүлэг буюу хүний хөгжилд чиглэсэн ямар ажил хийв гэдгийг эргэж сануулъя. Ардчилсан намын бүлгийн ажлын албанаас "Ам ажлын зөрүү" гэдэг нэртэй хөтөлбөр эхлүүлж байна. Зээлийн хүүг бууруулж сарын нэг хувьд хүргэнэ гэсэн байна. Гэвч одоо зээлийн олдоц байхгүй болсон. Засгийн газрын зардал нэмэгдсэн. Бодлогын хүү нэмэгдсэн байдалтай л байна. Иргэдийн орлого нэмэгдүүлж ядуурлыг хоёр дахин бууруулна гэсэн байна. Ядуурлыг 10 гаруй хувьд хүргэсэн байх ёстой байсан. Гэвч одоо энэ багадаа 42 хувь хүрчээ" гэв.