ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

С.Баярцогт Дэд дарга, Ч.Өнөрбаяр генсек болох уу

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2023-01-19

Албан ёсны тамгатай эсэх нь мэдэхгүй ч нэг талдаа гарсан гэх АН-ынхан өнөөдөр намын даргын сунгаа хийв. "Корпорайт" зочид буудалд бүтэн өдөржин үргэлжилсэн өнөөдрийн хуралдааны төгсгөлд нэр дэвшсэн дөрвөн хүнээс "Нэг ардчилал" фракцийн гишүүн Лу.Гантөмөр 152 гишүүнээр ялалт байгуулж, өнөөдрийн сунгааг өнгөлжээ.

Өчигдөр өрнөсөн улс төрийн яриагаар Лу.Гантөмөр ер нь намын даргын сунгаанд ялах нь тодорхой байсан бөгөөд МАН-ын нэг үеийнхэн буюу Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын дэмжлэг ч өндөртэй байгаа гэх. Мөн Х.Баттулгын зүгээс ч намын аппаратад өөрийнхөө хүмүүсээс оруулсан тохиолдолд Лу.Гантөмөрт "Ногоон байр"-ны АН-ыг өгөх тохироо хийсэн бөгөөд энэ зорилгоо ч өнөөдөр биелүүлжээ. 

Ингэснээр Лу.Гантөмөр АН-ыг толгойлж, С.Баярцогт харин намын Дэд даргын албан тушаалд очих юм байна. Харин Ц.Элбэгдоржийн фракцийн зүгээс өөрийн хүнээ намын Ерөнхий нарийн бичгийн даргад томилох бөгөөд Ч.Өнөрбаярын нэр яригдсан юм байна. Ингэснээр толхилцож байсан гурван том лидер нэг ширээний ард сууж, харин С.Эрдэнийг буланд шахсан хэвээр үлдээх нь тодорхой болжээ. Намын тамгын асуудал ч түүртэхгүй бүтэх бөгөөд МАН энэ томилгоог дэмжсэн учраас шүүхийн асуудал ч цэгцрэх бололтой. Мөн сунгаанд өрсөлдсөн З.Нарантуяа, С.Одонтуяа нар ч намынхаа удирдах багт багтах ажээ.