ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Даваасүрэн: Барилгын нэгдүгээр давхарт хий алдах, тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөл бүрдсэн байна

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2023-10-20

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн 40,50 мянгатын орон сууцны төлөв байдалд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээг танилцууллаа.

Тэрбээр “Бид хоёр сарын хугацаанд 40, 50 мянгатын 64 барилгын ашиглалтад хяналт шалгалт хийхэд ноцтой хэд хэдэн зөрчил илэрлээ. Шалгалтаар 54 нийтийн орон сууцны барилгын нэг давхарын өргөтгөлийн 321 аж ахуй нэгж байгууллага, 10 СӨХ газар эзэмших ашиглах, хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон. Мөн 23 СӨХ барилгын хувийн хэрэг хөтлөх, ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийн бүрдэлийг хангахгүй байгаа нь тогтоогдсон. 322 нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй байна. Батлагдсан зураг төсөлгүйгээр орон сууцны барилгад өргөтгөл хийсэн, өргөтгөлийн доор нэмж зоорийн давхар барьсан, өрөө тусгаарлах дундын хамар ханыг буулгаж, барилгын хийцийг өөрчилсөн зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн. Энэ маш аюултай. Нэгдүгээр давхрыг талбай болгочихсон гэсэн үг. Ноцтой байдал үүслээ гэхэд дээд давхрын айл цөмөрч орж ирэх эрсдэлтэй. Энэ мэтээр орон сууцны бүтээцийг өөрчилсөн зөрчлүүд их байна.

Мөн 140 иргэн, аж ахуйн нэгжийн 79 нь дулааны техникийн нөхцөл аваагүй, 65 нь барилгын халаалтын системын анхны төлөвлөлтийг өөрчилсөн, 43 нь агааржуулалтын систем ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдлоо. 345 барилгад аянганаас хамгаалах төхөөрөмжийн газардуулга хийгдээгүй. 322 барилгын өргөтгөлийн цахилгааны дотоод сүлжээний ажлыг чанар муутай гүйцэтгэсэн зэрэг зөрчил гарсан. Хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг 34 ресторан цайны газар шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан байна. Ийм 18 зөрчил илрэх жишээтэй. Хийн алдагдал илрүүлэх дохиолох багаж хэрэгсэлгүй 15, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй найм, хийн тоног төхөөрөмж шугам хоолойн мэргэжлийн байгууллагаар угсруулж, суурилуулаагүй 12, даралтат савны мэргэжлийн сургалтад хамрагдаагүй 24 иргэн үйлчилгээ явуулж байна. Хий алдагдах, тэсэрч дэлбэрэх аюултай нөхцөл байдал барилгын нэгдүгээр давхарт хэдийнэ бүрдсэн байна.

Түүнчлэн 1970 оноос өмнө буюу 1955-1968 онд баригдсан 40, 50 мянгатын 64 орон сууцны барилгын хийц, үндсэн бүтээц нь одоо мөрдөгдөж байгаа газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх норм дүрмийн шаардлагыг зөрчсөн. Барилгын үндсэн хийц, материал чанар нь алдагдсан, барилгын эзэмшигч, ашиглагч нь инженерийн шугам сүлжээний засвар ашиглалтын хугацааны жишгийг хангаагүй гэсэн зөрчил дутагдлууд илэрлээ. Энэ зөрчлүүд ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй. Газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй барилгын ханыг өөрчлөнө гэдэг байж болшгүй зүйл. Тийм учраас энэ чиглэлээр нийслэлийн ЗДТГ, дүүрэг, Онцгой байдлын Ерөнхий газар зэрэг холбогдох газруудад нэн даруй арга хэмжээ авах мэдэгдлийг хүргүүлсэн” хэмээн мэдээллээ.  

Одоогоор нийслэлийн хэмжээнд нийт117 мянга, орон нутагт 13 мянга орчим барилга байдаг бөгөөд үүний 17 мянга буюу 13 хувь нь газар хөдлөлтийн эрсдэлтэй гэж урьдчилсан байдлаар үнэлэгджээ. Мөн газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 10847 байгаагаас 8767 нь нийслэлд, 2050 нь орон нутагт байна.

Мэдээллийн дараа Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Мэргэжлийн хяналтын байцаагч нарыг салбар яам руу шилжүүлсэн. Ингэснээр хяналтын ажилд ахиц гарч байна уу?

-Бид салбарын хүрээнд хийх ёстой зүйлээ хийгээд л явж байна. Энэ чиглэлээр ахиц гарсан гэж бодож байна. Тухайлбал, заавал байх ёстой хамгаалалтын хашлагыг мөнгөө хэмнээд тавьдаггүй байдлыг өөрчлөх чиглэлээр ажиллаж байгаа. Мөн газар хөдлөлт болбол үүсэх эрсдэлээс сэргийлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагынхан ажиллаж байна. Ер нь зөвшөөрөлгүй барилга, байшин барих асуудал хавтгайрсан байсан юм билээ. Энэ тал дээр манай барилгын салбарын тухайд ахиц гарсан.

-40, 50 мянгатад хэчнээн айл өрх эрсдэлтэй нөхцөлд амьдарч байна вэ?

40, 50 мянгатын 300 гаруй өрхийн амьдарч буй барилгад ноцтой үр дагавар учирч болзошгүй байна.

-Барилгын хийцийг өөрчилсөн ресторан зоогийн газрууд байгаа талаар дурьдсан. Энэ асуудалд ямар арга хэмжээ авах вэ?

-Барилгыг үндсэн хийц загварт нь буцаан оруулах шаардлагатай. Худалдааны талбай гаргахын төлөө бусдыг эрсдэлтэй амьдруулж болохгүй.

-Энэ зун үер, усны аюултай олон давтамжтай тулгарсан. Үүний улмаас шинээр баригдаж буй  барилгын суурь усанд автаж, барилгын чанар, даацад нь нөлөөлөх эрсдлийг үүсгэсэн. Энэ чиглэлд ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Барилгын хуулийг намрын чуулганаар өргөе гэсэн бодолтой байна. Хуульд нэгдүгээрт, өндөр барилга барьж буй тохиолдолд тухайн барилгад хэдэн айл байхаар төлөвлөсөн, тэр тоогоороо гараашийг нь шийдэх заалтыг оруулна. Аравхан гарааштай 50, 60 айлын орон сууц бариад байж болохгүй. Үүнийг шийддэг хууль эрхзүйн орчинтой болох хэрэгтэй. Хоёрдугаарт, гадны орны туршлагын дагуу гадаа талбайн машины зогсоолын дор ус зайлуулах шугам сүлжээний нөөцлүүр сав байрлуулах асуудлыг тусгах саналтай байгаа. Бороо хур ихтэй Азийн орнуудад ус зайлуулах шугам сүлжээний нөөцлүүр сав байршуулж, дээр нь гадаа талбайн зогсоолоо шийддэг туршлага байдаг. Манайхан байшин үнэтэй болно гэж шүүмжилж магадгүй. Гэхдээ иймэрхүү шийдэл байхгүй бол байшингийн үнэнээсээ илүү хор хохирол учруулж болзошгүй юм.