ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ

O.Admin
2023-11-06

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хоёр асуудал хэлэлцжээ. Тодруулбал, 2024 оны төсвийг бэлтгэсэн талаар ажлын хэсгийн санал болон Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээллийг тус тус сонссон байна.

Энэ талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Төсөвт хэд хэдэн зарчмын өөрчлөлт хийхээр бэлтгэж байна. Нэгд, орлогыг нэмэгдүүлж төсвийн тэнцлийг сайжруулах ёстой. 2024 оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 2.8 хувь байхаар оруулж ирсэн. Иймд ажлын хэсэг яриад 590 тэрбум төгрөгөөр төсвийн тэнцлийг сайжруулах шаардлагатай гэж үзлээ. Мөн төсвийн алдагдлыг ДНБ-ий хоёр хувь байлгах тооцоог хийсэн. Зарлагыг тодорхой хэмжээнд бууруулж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмнэ. Маргааш байнгын хорооны хурлаар зардлыг задалж ярина.

Засгийн газар 2024 оны төсвийг өргөн барихдаа тэтгэврийг дөрөвдүгээр сарын 1-ээс 10 хувиар нэмэгдүүлэхээр оруулж ирсэн. Гэхдээ өнөөдөр Ерөнхий сайд 10 хувиар нэмэх нь бага тэтгэвэр авагчдын хувьд бага байна, 55 мянган төгрөг л нэмэх юм байна, тиймээс нэмэх шаардлагатай гэсэн санал гаргасан. Иймд бүлэг дээр тэтгэврийн хэмжээг 10 хувиар бус нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэхийг дэмжлээ" гэв.