ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН: Цэцийн тухай хуулийг дэмжихгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2024-03-18

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, гурван асуудлыг хэлэлцжээ. Тодруулбал, энэ долоо хоногт хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль, эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал, Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар ярилцаж, байр сууриа нэгтгэсэн байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хоёр дахь удаагаа орж ирж байна. Уг хуулийн талаар Хуульзүйн сайд асан Х.Тэмүүжин нарын ажлын хэсгийнхнээс мэдээлэл сонсож АН-ын бүлэг тус хуулийг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн.

Цаг хугацааны хувьд ҮХЦ-тэй холбоотой эгзэгтэй зүйл, заалт хуульд орсон байна. Тухайлбал, Цэцийн гишүүнийг аливаа цаг хугацаанд хэрэгт татахгүй гэсэн байна. Аливаа цаг хугацаа гэхээр цэцийн гишүүнээс буусан үедээ ч бүх цаг хугацаанд цэцийн гишүүн хариуцлагад татагдахгүй гэсэн үг. Шаардлагатай тохиолдолд цэц өөрөө шийднэ гэх мэт дархлагдсан хэсэг бүлэг бий болгох эгзэгтэй заалтууд орсон байна. Тиймээс хаврын чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Уламжлалын дагуу хаврын чуулганаар эрх баригч намын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг чуулганаар хэлэлцэх учиртай. Энэ асуудлаар байр сууриа нэгтгэлээ. Эрх баригч намын сүүлийн дөрөв, найман жилийн мөрийн хөтөлбөрийн биелэлт ямар байв. Хөдөө аж ахуйн салбарт 10 сая бог, дөрвөн сая бодын арьс боловсруулах үйлдвэр барина гэсэн хаачив. 2021 онд ашиглалтад орох ёстой нефтийн үйлдвэр яав. Зээлийн хүүг сарын 1 хувьд хүргэнэ гэсэн амлалт биелсэн үү. Энэ мэт маш олон амлалтыг энэ долоо хоногт хэлэлцэх аж. 2016 оноос 2024 он хүртэлх найман жилийн хугацаанд Монгол Улсын төсөв тав дахин өссөн. Гэвч, ард түмний амьдралын төвшин өөрчлөгдсөнгүй. Гурван хүн тутмын нэг нь ядуу байна” гэлээ.