ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ой шатаад 16 хавар, тэд төрөөд 16 намар

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2018-09-24

Томчууд ойг шатаасан, бид цэвэрлэж байна

2018 оны есдүгээр сарын 18-ны өдөр. Солонготын даваа даван бэлийг нь дагаад уруудахад үржил шимгүй, унанги болсон ой, хаа нэгтэй түлэгдэж хорчийсон модод ёрдойж, сэрвийн үргэлжилнэ. Хэдийгээр ойн зах хөвөөгөөр залуу модод ногоорох авч өнөөх үржил шимгүй болсон моддын дэргэд хэмжээгээр жижиг, талбайгаар бага газрыг эзлэх аж. Завхан аймгийн хэмжээнд 732 мянган га ойтой буюу манай улсын нийт ойн сангийн дөрвөн хувь нь байдаг билээ.

Caption

Энэ аймагт 2000-аад оны эхээр жил дараалан гарсан их түймрээр 133 мянган га ойгоо буюу ойн сангийнхаа 18 хувийг алджээ. Бидний өгүүлэн буй Их уул сумын нутаг болох Солонготын давааны ар бэлд байх Ар ганга хэмээх газар гэхэд нийт ойн сангийн 22 хувийг нь тэр жилийн их түймэрт алдсаны улмаас дээр өгүүлсэн адил харагдаж буй нь энэ. Энэ газар цэрэг эрээн хувцас өмссөн 2000 гаруй хүн ойн цэвэрлэгээ хийх агаад, тэднээс 1600-гаад нь Завхан аймгийн сум бүрээс ирсэн 11, 12 дугаар ангийн сурагчид гэнэ.

Харин бусад нь сум бүрээс хүүхдүүдээ хариуцаж ирсэн албаны хүмүүс, мөн мэргэжлийн сургалтад хамрагдсан 400-гаад хөрөөчид, нутгийн иргэд, мэргэжлийн байгууллагынхан ажиллаж буй аж. Энд бүгд ижилхэн цэрэг эрээн хувцас, далбагар нарны малгай өмссөн тул хэнийг нь ч хэн гэж нэгнээс нь ялгах аргагүй аж. Тэдний дунд бусадтайгаа нэгэн адил унанги мод цэвэрлэн явах хүү бол Завхан аймгийн математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Жавхлан цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Ш.Мөнхцоож юм. Тэрбээр “Анх наашаа ирж байгаад шатсан ойг харахад их сэтгэл гонсгор байсан. Биднийг төрж байх үед шатсан нутгийнхаа ойг энэ арга хэмжээний хүрээнд найз, нөхдийнхөө хамт бүгдийг нь биш ч цэвэрлэж байна. Энд ой цэвэрлээд төрсөн бодол бол хүний буруутай үйл ажиллагаанаас ой шатдаг юм байна.

Caption

Тиймээс хамгийн наад зах нь л гэхэд хогоо хээр гадаа хаяхгүй, хогийн саванд хийж хэвшмээр санагдлаа. Энэ ажилд гар бие оролцож байгаадаа баяртай байна” хэмээн хөө, тортог болсон цагаан бээлийгээрээ нүүрээ шувтран арчаад, инээн хэллээ.  Өөрийгөө ЕБС-ийн ангиар биш эл хөтөлбөрт хамрагдаж буй нэршлээрээ буюу хоёрдугаар салааны гуравдугаар тасгийн суралцагч Д. Олзчимэг хэмээн танилцуулсан охин “Түймрийн улмаас бохирдсон ой учир зулзаган моднууд ургаж чадахгүй байсан байна.

Унанги болон шатсан модыг цэвэрлэж, зулзаган модыг ургуулах боломжийг гаргах зорилготой ажиллаж байна. Энэ ажиллагаанд оролцоход хамтын хүч, эв нэгдэл гэдэг зүйл ямар их чухал болохыг мэдлээ. Энд анги, тасгийнхаа нөхөд бусад бие бүрэлдэхүүнтэй оролцож байгаадаа баяртай байна” гэсэн юм. “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 12а ангийн сурагч н.Ариунзаяа “Томчууд энэ ойг үнэхээр аймшигтай болгосон байгааг хараад харамсч байна. Харин бид өөрийн гараар ойг цэвэрлэж байгаадаа бахархаж байгаа. Мод их унаснаас болж маш олон зулзаган модод далий ургаж байгаа нь харамсалтай харагдаж байлаа. Харин бид унасан моддыг авч, зулзаган моддыг өндөр ургах боломжтой болгож байна.

Caption

Нуулгүй хэлэхэд энэ ой үнэхээр өрөвдөлтэй, маш их тортогтой байна. Бид гар бие оролцсон учраас хэдэн жилийн дараа өндөр мододтой ой болох байх гэдэгт итгэлтэй байна. Олуулаа хамтарч ажиллаж байгаа учраас ядрахгүй, санаа нийлж хамтран ажиллаж, найз нөхөдтэй болж байна” гэж хэллээ. Мөн тус сургуулийн нэгэн сурагч “Анх аянд оролцохдоо сэтгэл дундуур байсан. Танихгүй олон хүүхэд байх учраас оролцох эсэхдээ эргэлзэж байсан. Харин одоо би баг, хамт олноороо ажиллах, олон янзын үйл ажиллагаанд оролцох зэргээр олон зүйл сурч” гэсэн юм. Ийнхүү эцэг, эхийн гараас салаагүй, ахлах ангийн хүүхдүүд энд хоёр хоног ажиллахдаа 168 га талбайг цэвэрлэсэн гэнэ. Энд харьцуулаад нэмээд хэлэхэд өмнөх жилүүдэд дөнгөн данган 160 га талбайг л цэвэрлэж, амжсан гэж албаны хүн хэлсэн юм.

Гэтэл энэ 1600 хүүхэд, мэргэжлийн 66 аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын 400 гаруй ажилтан, албан хаагч, нийт 2200 гаруй хүн хэдхэн хоногийн хугацаанд өмнөх долоон жилийн цэвэрлэсэн ойгоос илүү ойг цэвэрлэжээ. Мөн ойн цэвэрлэгээ хийхийн тулд Тосонцэнгэл сумын Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвд 200 хүнд хөрөөчний мэдлэг олгож, сургалтад суулгасныг давхар дурдах хэрэгтэй болов уу. Ийнхүү ойн цэвэрлэж буй байдалтай Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танилцсан бөгөөд тэрбээр “Нутаг орныхоо шатсан ойг үе тэнгийнхэнтэйгээ нийлэн цэвэрлэж байгаа та бүхнээр бахархаж байна” хэмээн оролцогчидтой уулзахдаа урам өгч байсан юм.

Бид Чингисийн үр сад

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуулийн  үеэр ч тэр, Ерөнхийлөгч болсноосоо хойш ч тэр, орон даяар явж, иргэдтэй уулзахдаа ярьдаг зүйлийн нэг бол цэрэг эх оронч хүмүүжлийн талаар хөнддөг. Зарим нэгэн хүмүүс “эр, эмгүй цэрэгт татаад хэнтэйгээ байлдах гэж байгаа юм” гэж егөөдөх нь байдаг билээ. Харин өөрөө тайлбарлахдаа “Бид байлдаж дайтах гээд байгаа юм биш.

Caption

Өнөөдрийн энэ ороо, бусгаа нийгэмд, монгол хүний мөн чанар алдагдаж буй энэ үед, нэгдүгээрт цэрэг эх орон ч хүмүүжил олгосноор залуусын маань бие бялдрын хувьд өв тэгш болно. Хоёрдугаарт сэтгэл зүйн хувьд хувиа бодсон, довоо шарлуулсан хүмүүс биш. Эх орон, ард түмнээ гэсэн хүмүүс бэлдэхэд хэрэгтэй. Гуравдугаарт, цэрэг гэдэг их хүчийг ашиглаад эх орны бүтээн байгуулалтад гар бие оролцуулах, цэрэг болсноор гадны улсын хямдхан ажиллах хүч биш дотооддоо түүнтэй дүйцэх цалин авч ажиллах боломжоор хангах зорилготой” хэмээн тайлбарладаг.

Энэ л санааныхаа үндсэн дээр ийм арга хэмжээ зохион байгуулбал хэмээн санал гаргаж байсан аж. Харин уг санааг ажил хэрэг болгосон хүмүүс бол УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар юм. Хуучин Завхан аймгийн засаг дарга байсан Я.Санжмятав гишүүн санаачлан, Завхан аймгийн одоогийн удирдлагууд дэмжиж, ажил хэрэг болгосноор “Бид Чингисийн үр сад, Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал” сургалт хэрэгжиж эхэлжээ. Энэ сургалтыг хэрэгжүүлэхийн тулд Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2018 оны наймдугаар сарын 02-ны өдөр захирамж гарган эхэлжээ.

Caption

Тус захирамжийн хүрээнд Завхан аймгийн хэмжээнд 11, 12 дугаар ангийн сурагчдыг бүс бүсээр нь хуваан эхний долоо хоног танхимын хичээл оржээ. Тухайлбал, Хууль сахиулахын их сургуулийн мэргэжлийн багш нар хөтөлбөрийг нь бэлтгэж орсон хичээлүүд болох “Сэтгэлзүйн бэлтгэл”, “Амьд гарах ухаан”, “Галын бэлтгэл”, “Цэргийн дүрэм, жагсаалын бэлтгэл”, “Цэрэг эх оронч хүмүүжил”, “Биеийн тамир, гардан тулаан” зэрэг зургаан хичээлийн орсон аж. Үүний дараагийн долоо хоногт хээрийн сургалтын төв байгуулан цэрэгжилтийн хэлбэрээр байрлуулан сурсан онолоо практикт буулгасан байна.

Тухайлбал, Тосонцэнгэлээс Улиастайн чиглэлд тавьж буй замын чулуу түүлгэх, дээр дурдсан ой цэвэрлэх зэрэг ажилд дайчилжээ. Цэрэг ногоон майханд байрлуулж, цэргийн нормын хоолоор хооллож, өглөө бүрээн дуунаар босгож төрийн далбаагаа мандуулж, оройн тоо хийнэ. Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Аав, ээжийнхээ өврөөс гараагүй олон хүүхдүүдийг нэгэн дор эрүүл, аюулгүй байлгана гэдэг мэдээж хүнд ажил. Тиймээс бид хүний бяцхан үрсийг яаж хүлээж авсан шигээ эрүүл энх, бүрэн бүтэн хүлээлгэж өгөх ёстой. Аймгийн төрийн бүх байгууллагуудын төлөөлөгчид энд ажиллаж байгаа.

Caption

Эмнэлэг, сургууль, цагдаа, онцгой, Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар гээд бүхий л газрууд холбогдох чиглэлээрээ энэ сургалтад хамрагдсан. Мөн сумдын засаг даргын тамгын газрынхнаас эхлээд Хууль сахиулахын их сургууль, Хилийн цэргийн дээд сургууль гээд мэргэжлийн байгууллагууд оролцож энэ бүх үйл ажиллагааг төлөвлөсний дагуу зохион байгуулж байна” хэмээн өгүүлж байсан юм. “Зарим хүмүүс шилжилтийн насны баахан хүүхдийг эцэг, эхээс нь тусгаарлаад л энд толгой түрүүг нь алдуулж байгаа гэж буруугаар ярих ч тохиолдол байна. Гэтэл энд та бүхний харж байгаачлан эрэгтэй, эмэгтэйгээрээ тусад нь байрлуулж байна.

Салаа бүрийг Хууль сахиулахын их сургуулийн 3, 4 курсийн ах эгч нар нь хариуцаж байгаа. Эмэгтэй сурагчдын эмэгтэй оюутнууд, эрэгтэй сурагчдыг эрэгтэй оюутнууд, тэдний дээр анги даасан багш нар нь мөн харгалзаж байж энэ хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна” хэмээн өгүүлсэн юм. Нээрээ ч энд бүх зүйл нь эмх цэгцтэй аж. Нийт байрлаж буй хээрийн талбайг гурван хэсэгт хуваажээ. Хамгийн хойно байрлах бүст арав гаруй тооны гэр байх агаад эл хэсэгт удирдлагын хүмүүс байрладаг аж. Түүний урьд бүст 50 гаруй гэр барьсан байх агаад зохион байгуулалтын хэсэг буюу сум бүрээс ирсэн холбогдох албаны хүмүүс байрладаг байна.

Caption

Харин хамгийн урд бүст цэргийн ногоон майхнууд жигдлэн барьсан байна. Энд л 1600 хүүхэд байрладаг аж. Мэдээж эмнэлэг, онцгой, цагдаа гээд тусгайлан бэлдсэн гэрүүд, машин техникүүд бэлэн байдалд байх аж. Мөн нийтийн гал тогоо, угаалгын газар, жорлон, тэр бүү хэл хог хаях цэг нь хүртэл тусдаа байна. Цагдаа, цэргийнхэн 24 цагаар харуул хамгаалалттай байхаар бэлтгэжээ. Манай сурвалжлах баг энд байх хугацаанд оройн хоол болон өглөөний цайны цагаар таарсан юм.

Оройн хоолны үеэр охидыг хооллож байхад таарлаа. Нэг ширээг тусгайлан бэлтгэсэн байх агаад энэ ширээ бусад ширээгээ бодвол чихэр, жимс, ундаа, бялуу зэргийг тусгайлан бэлтгэжээ. Энд харин тухайн өдөр төрсөн хүүхдүүд суудаг байна. Өнөөдөр л гэхэд зургаан хүүхдийн төрсөн өдөр болж байгаа гэнэ. Төрсөн өдөр нь тохиож буй хүүхдүүдэд зориулж сургалтад хамрагдаж буй хүүхдүүд нийлээд төрсөн өдрийн дуу дуулж өгч байсан юм. Магадгүй энэ л төрсөн өдөр тэдгээр төрсөн өдрийн эздийн хувьд хэзээ ч мартагдахгүй бизээ. Мөн манай сурвалжлах багийнхан энэ үеэр зарим сурагчидтай уулзаж ярилцсан юм.

“За хэцүү байна уу, хөтөлбөрт хамрагдах ямар байна” гэх асуултад ихэнх хүүхдүүд “Эхлээд хэцүү байсан. Одоо бол дассан” хэмээн хариулах аж. “Хоолондоо цадаж байна уу” гэхээр охид нь “тийм”, хөвгүүд нь “гайгүй” гэж хариулна. “За яг үнэнээ хэлчих” гэхээр хөвгүүд “цадахгүй байна” гэж хэлээд инээлдэнэ. Гэртээ 500 гр аягаар хоёр, гурав иддэг хөвгүүд энд ирээд цэргийн нормтой хоолонд ихэнхдээ цадахгүй хэцүү байдаг хэмээн мэргэжлийн хүмүүс хэллээ. Тэгэхдээ энэ бол норм, дүрэм журмын дагуу өгдөг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон хоол учир хоолноос авах бүх амин дэмээ авч чадна хэмээж байлаа. Мэдээж өдөр бүрийн ачаалалтай бэлтгэл, багагүй ажил ч тэднийг өлсөхөд нөлөөлдөг бизээ.

Нулимстай баяр

Бидний иргэдийг орой сургалтад хамрагдаж буй хүүхдүүд бидэнд зориулж бүс бүсээсээ шалгарсан урлагийн тоглолтоо сонирхуулав. Үнэхээр л хаа газар явахад монгол хүүхдүүдийн авьяас, чадвараар дандаа бахархдаг билээ. Энд ч мөн адил Завханы хүүхдүүдийн авьяасыг биширсээр, алгаа хорстол ташсаар нэгэн оройг үдлээ.

Caption

2018 оны есдүгээр сарын 19-ний өдөр. Өглөө бүрээн дуу дуугарахад биеийн тамирын хувцастай сурагчид, тэднийг толгойлж буй сонсогчид талбай дээр даруй цуглах аж. Тун удалгүй өглөөний гүйлтээ хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга тэдэнтэй цуг дасгал хийсэн агаад тухайн өдрийн дасгалыг удирдан явуулаа. Хөл, гар халаах дасгалаас эхлээд, сунгалтын дасгал ч хийв. Хамгийн сүүлд хоёр оролтоор гар дээрээ 50 удаа суниаснаар өглөөний дасгал өндөрлөв. Түүний дараа хүүхдүүд өглөөний цайндаа оров. Харин дараа нь өглөөний дасгал хийсэн талбай дээрээ ёслолын хувцастайгаар эргэн цугласан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга сургалтад хамрагдсан 1600 хүүхэд бүрт тусгайлан баяр хүргэн, нэг бүрчлэн хамтдаа зураг даруулж, батламж, дурсгалын зүйлийн хамт гардуулав. Мэдээж энэ сургалтад хамрагдаж буй хүүхэд нэг бүртэй зураг даруулсан болохоор чамгүй хугацаа орсныг энд дурдахын хэрэг юун.

Caption

2018 оны есдүгээр сарын 20-ны өдөр. Завхан аймгийн төв Улиастай хот, цэнгэлдэх хүрээлэнд “Бид Чингисийн үр сад, Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал” сургалтын хаалтын үйл ажиллагаа боллоо. Хүүхдүүдээ харахаар ирсэн эцэг, эхчүүд цэнгэлдэх дүүргэн суух аж. Харин 14 хоногт юу сурснаа тайлагнахаар 1600 хүүхэд сургагч багш нарын хамт талбай дээр үзүүлбэр үзүүлнэ. Нэгэн зэрэг жагсаалын бэлтгэл болон гардан тулааны анхан шатны үзүүлбэрүүдийг хэрхэн сурснаа үзүүлнэ. Ийм олон хүн нэгэн зэрэг хийхээр сүртэй агаад жавхаатай аж.

Хажууд зогсож байсан үл таних хоёр хүний нэг нь “Эд нар чинь цэргүүдээс ч илүү сурсан юм бишүү” хэмээн өгүүлэхэд өнөөх нь “дандаа өсвөрийн хүүхдүүд, дээрээс нь наадуул чинь ахлах ангийн боловсролтой болохоор хурдан сурч байгаа л даа” гэж ярилцах нь сонсогдов. Үнэхээр ч энэ сургалтад хамрагдсан хүүхдүүдээр бахархахгүй байхын аргагүй аж. Бүх үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа эцэг, эхийн өврөөс салаагүй байгаа энэ сурагчдыг 14 хоногийн турш хариуцаж явсан

Хууль сахиулахын их сургуулийн багш, сонсогчид ёсолгоо хийгээд нэгэн зэрэг “эрхэм сурагчид баяртай” хэмээн хэлээд цэнгэлдэхийг тойрон одлоо. Цэнгэлдэх талбайн голд жагсаалаараа зогсох сурагчид дор бүрнээ нулимсаа арчин, бие биенээ даган уйлалдах нь өхөөрдөм аж. Тэр агшныг харсан хүмүүс зарим нь өхөөрдөж, зарим нь даган нулимсаа арчиж, зарим нь алгаа ташиж хүндэтгэлээ илэрхийлж байлаа. Үүний дараа Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 3030 морин хуурч цэнгэлдэхийн талбайгаас морин хуурын тоглолтыг цугласан олонд сонордуулсан юм.

Тухайлбал, морин хуурчид Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэвээнравдангийн Дуут нуур, Хөгжмийн зохиолч Ц.Сүхбаатарын Үүлэн бор, Н.Жанцанноровын Монгол аялгууг эгшиглүүлсэн юм. Эцэст нь Ерөнхийлөгч Х.Баттулга эл үйл ажиллагааг хааж “Завханчууд аа, Монгол Улсын маань ирээдүй болсон хүүхэд залуусыг өвөг дээдсээрээ, түүх уламжлалыг хүндэтгэж, эх орон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах, эх оронч үзэл, хүмүүжилтэй, оюунлаг зөв монгол иргэн болгон төлөвшүүлэх зорилгоор “Бид Чингисийн үр сад-Зөв тэмүүлэл, эх оронч манлайлал” сургалт, хөтөлбөр ийнхүү амжилттай өндөрлөж байна. Бүх оролцогчдод дахин чин сэтгэлийн баяр хүргэе. Монгол бахархал болсон, үлгэр жишээ, зөв тэмүүлэл, эх оронч манлайлалтай сурагч хөвгүүд охидоороо бахархаж байна. Бусад аймаг, хотууд энэ зүйлийг даган дуурайж, бахархаасай гэж хүсье” хэмээн хаалтыг үгийг хэлснээр эл сургалт албан ёсоор өндөрлөсөн юм.

Ерөнхийлөгчийн орон нутаг дахь томилолт

Caption

Анхлан Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг ажил хэрэг болгон санаачилсан хүн нь УИХ-ын дэд дарга Я.Санжмятав аж. Харин эл санаачилгыг ажил хэрэг болгосон хүн нь Завхан аймгийн засаг дарга Д.Батсайхан болон түүний тамгын газрынхан, Завхан нутгийн иргэд билээ. Энэ талаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Энэ хөтөлбөр бол бидний хэдэн дарга нарын хийсэн ажил огтоос биш. Бидэнд үр хүүхдээ итгэн өгч явуулсан нутгийн иргэдийн хүч юм” хэмээн хөтөлбөрийн төгсгөлд онцолж байсан юм.

Харин Завхан аймгийн Засаг дарга Д.Батсайхан “Хөтөлбөрийн хүрээнд олон олон саад бэрхшээл гарч байлаа. Тэгэхдээ бид тухайн бүрт нь шийдвэрлэн амжилттай хэрэгжүүлэн дуусгалаа. Тухайлбал, зарим хүмүүс хүүхдүүдээр шоудлаа. Ийм юманд мөнгө зарахынхаа оронд Завхан хүртэлх замаа засдаг болоосой гэх мэтээр хэлж, энэ сургалтыг эсэргүүцэж гарын үсэг хүртэл цуглуулсан ч удаа бий.

Caption

Гэсэн ч бид тус сургалтыг ч амжилттай дуусгалаа. Мөн энэ жил тавих ёстой замаа ч тавьж дуусгана. Хэсэг газар зам тавихад дутаад байсан мөнгөө ч бид олж, хоёр хоногийн өмнө газрын үсэг зурж баталгаажууллаа. Үндсэндээ дараа жил гэхэд Завхан аймаг хатуу хучилттай замаар Улаанбаатар хоттой бүрэн холбогдоно” хэмээн өгүүлж байсан юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн Завхан аймаг дахь томилолт “Бид Чингисийн үр сад, Зөв тэмүүлэл-эх оронч манлайлал” сургалтын явцтай танилцаж, 3030 морин хуурчдын өв соёлоо түгээж буй тоглолтыг үзэж, тэдэнд урам хайрлаж, мөн Завхан аймагт баригдсан “Усан бассейн бүхий спорт ордон”-ы нээлтэд оролцсоноор өндөрлөлөө.