ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

П.Наранбаяр: Чиг үүрэг давхардсан 30 албан тушаалтныг чөлөөлснөөр 900 сая төгрөгийн хэмнэлт гарна

O.Admin
2025-03-26

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд П.Наранбаяр мэдээлэл өглөө. Тодруулбал, боловсролын салбарын хууль тогтоомж бусад журам дүрмийг голлон хэрэгжүүлж байгаа дөрвөн байгууллагын албан тушаалтны чиг үүргийн давхцлын асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, 90 гаруй албан тушаалтныг цомхотгох шийдвэр гарчээ.

Энэ талаар П.Наранбаяр сайд мэдээлэл өгөхдөө “Боловсролын яам, Үнэлгээний төв, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн гэсэн газрууд байгаа. Эдгээрийн нийт ажилчдын тоо 361 байгаа. Тэдгээрт албан тушаалын чиг үүргийн судалгаа хийж үзэхэд 81 албан тушаалтны чиг үүргийн давхардал гарч ирж байна. 73 албан тушаалыг хөдөлгөх шаардлагатай нь харагдлаа.

30 албан тушаалтан буюу 361 албан хаагчийн найман хувьтай тэмцэх хэмжээний цомхотгол хийснээр жилдээ 900 орчим сая төгрөгийн хэмнэлт хийж болох нь ээ гэдэг дүгнэлтийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Жижиг толгойтой, нээх том гэдэстэй, хөл нь чөргөр хүн шиг л бүтэцтэй болжээ. Үүнийг өөрчилж, зарим албан тушаалыг орон нутаг руу шилжүүлнэ. Эрч хүчтэй ажиллуулж, ачааллыг бууруулахаас гадна судалгаа хийдэг байгууллагуудаа дэмжинэ” гэлээ.

Үүнээс гадна Нийслэлийн боловсролын газар, Боловсролын ерөнхий газар, аймаг орон нутгийн боловсролын байгууллагуудад чиг үүргийн шинжилгээ хийж давхардлыг арилгах болно гэлээ. Нэг асуудлыг хоёр өөр газар хариуцахаар хоёр бие рүүгээ асуудлаа шиддэг, иргэдийг чирэгдүүлдэг учраас энэ өөрчлөлтийг хийж байна гэлээ.

Тухайлбал, Боловсролын ерөнхий газар сурах бичгийн судалгаа хийж байхад Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнд мөн хийж байдаг, Дээд боловсролын газар гэж тусдаа хэлтэс байхад яаман дээр яг энэ чиг үүргийн газар байгаа гэх мэтээр хоёр газар хариуцах ямар ч шаардлага байхгүй гэдгийг П.Наранбаяр сайд онцлов. Тэгвэл боловсролын салбарт ажиллахын тулд, албан тушаалд элсэхийн тулд ХҮН намд элс гэдэг шахалт өгч байна гэдэг үнэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад "Ташаа мэдээлэл байна. Ямар нэг байдлаар улс төрийн томилгоо хийж болдоггүй салбар юм. Бүх томилогдсон хүмүүс ажлаа хийгээд явж байгаа" гэсэн хариулт өглөө.