ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Лу.Гантөмөр: Төрийн өмчит компаниудад АН-аас Хяналтын менежер томилно

O.Admin
2 өдрийн өмнө

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Засгийн газрын үйл ажиллагааны тайланг хэлэлцэх үеэр төрийн өмчит компаниудад АН-аас бүтээмжийн менежер гэх сонгуульд ажилласан хүмүүст бэлэг болгох албан тушаал бий болголоо гэх шүүмжлэл хэлсэн билээ. Тэгвэл энэ асуудалд АН-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Лу.Гантөмөр албан ёсны хариулт өгчээ. 

Тэрбээр, "Засгийн газар өөрөө төрийн өмчит компаниуд дээрээ ажиллаж байна. Төрийн өмчит компаниудын хувьд эдийн засагтаа том орон зай эзлээд байдаг ч бүтээмжийн хувьд байдаггүй. Бүтээмжийн менежер, хяналтын менежер томилох шийдвэр Засгийн газар гаргасан. Тодорхой хугацаатай, бүтээмжийг сайжруулах үүрэгтэй ажиллана. Хяналтын менежер АН-аас томилно. Гэхдээ Засгийн газар өөрөө санал болгоно. Ур чадвартай хүн байвал нам харгалзахгүй төрийн албанд ажиллах ёстой. Төрийн өмчит компаниуд дээр юу байгааг шалгах хэрэгтэй.

Таван жилийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлээгүй хүмүүст хэрхэн хариуцлага тооцох вэ. Энэ ажлыг хянадаг нэгдсэн платформтой болж, үргэлж хянадаг больё гэсэн шийдвэрээ хэрэгжүүлнэ. Төр өөрийнхөө хэрэгжүүлж чадах зүйлээ төлөвлөдөг ч эдийн засгийн боломжууд өөрчлөгдөж байдаг. Гол нь бодлого урт хугацаандаа байж чадах уу гэдэг л чухал байна.  Хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар өсөлттэй байгаа ч үйлдвэрлэлийн салбар маань хүссэн хэмжээнд өсч чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын өсөлттэй бусад салбар маань зэрэгцэж өсч чадахгүй байгаа" хэмээжээ.