ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хүүхдийн эрхийн асуудлаар өмгөөлөгч нартай уулзлаа

O.Admin
2 өдрийн өмнө

Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл хууль сахиулах байгууллагуудын төлөөллийн хамтаар Монголын хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, өмгөөлөгч Р.Булгамаа, тус холбооны Хүүхдийн эрхийн дэд хорооны тэргүүн, өмгөөлөгч М.Хандармаа нарын хуульч, өмгөөлөгчдийг (2025.03.28) хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хуульч, өмгөөлөгчдийн зүгээс хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэрэг, ялангуяа бэлгийн мөлжлөг, хүчирхийллийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд гарч буй алдаа дутагдлын талаар асуудал дэвшүүлж, талууд санал солилцлоо. Улмаар Цагдаагийн байгууллагаас сахилга, ёс зүйн зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хүүхдийн эсрэг үйлдсэн болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл өгч, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахад хамтран ажиллахад нээлттэй байгаагаа мэдэгдсэн.

Энэ удаагийн уулзалтын үр дүнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Цагдаагийн ерөнхий газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар, Монголын Хуульчдын холбоо хамтран мөрдөгч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн эсрэг үйлдэж буй гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтад ГХУСАЗЗАА-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах хэлтсийн дарга Б.Одмандах, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах, Хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Мөнхбат, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч А.Амгаланболд нарын төлөөлөл оролцлоо.