ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Экспортын орлого өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө

O.Admin
2025-03-26

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, "Ажлын хэсэг байгуулагдаад хоёр дахь долоо хоног руугаа орж байна. Энэ хугацаанд валютын нөөцөөс гадна гадна экспорт буурсантай холбогдуулж сөрөг дарамтууд ирж байгаа. Үүнийг зөв оношилж, цаг алдалгүй зөв арга хэмжээ авахад анхаарч ажиллалаа.

Өнгөрсөн долоо хоногт Ханги, Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтууд дээр ажилласан. Өргөн бүрэлдэхүүнтэй ажилласан. Гурван боомтод дүр зураг харилцан адилгүй байна. Гашуунсухайтад гэхэд экспортын гол асуудал нь Тавантолгойн биржээс шууд хамааралтай учраас асуудал ойролцоо дүр зурагтай буюу хилийн наана, цаана овоолго үүсэж, биржийн нэмэлт арилжаа явах боломжгүй байна.

Цаад талд нүүрсний үнэ унаснаас болж импортолж байгаа талууд алдагдалд орж дахиж биржийн арилжаанд орж, татан авах боломжгүй байна. Энэ биднээс гэхээс илүү дэлхий дахины нүүрсний үнийн уналтаас шалтгаалж байгаа. Биднээс шалтгаалах зүйл ч мөн байна. Тухайлбал, тээврийн өртгийг бууруулах, концессоор баригдаж буй замуудаа яаравчлах, төмөр замын өртгийг бууруулаад зогсохгүй гаргаж байгаа, буулгаж байгаа өртгийг бууруулах шийдвэр гаргалаа. Зам тээвэр, хөгжлийн яамнаас баг явж өртгийг 50 хувиар бууруулж чадлаа. Гашуунсухайт боомт дээр хилийн цаана 4.5-аас ихгүйгээр нөөцлөх боломжтой ч тэр хэмжээндээ тулсан байна. 4.2 сая гэж байна. Нэмээд 300 орчмыг л биржээр нэмж авах боломжтой байгаа юм билээ.

Шивээхүрэн-Сэхээ боомт дээр хил дамнасан бүтээн байгуулалт маш сайн хийгдсэн. Одоо гарч байгаа 24-25 сая тонн нүүрсийг боомтыг бүрэн ашиглалтад оруулснаар дор хаяж 50 сая болж ирнэ. Тус боомт дээр хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, наад талдаа өртөө боомтын цогц бүтээн байгуулалт маш сайн хийгдсэн. Хувийн хэвшил үүрэг хүлээж хийсэн бүтээн байгуулалтыг яаралтай ашиглалтад оруулснаар экспорт нэмэгдэх нь ээ. Гашуунсухайтаас дутахааргүй экспортын нөөц тэнд байна. Боомтыг ашиглалтад оруулах асуудал маргааш, нөгөөдөргүй чуулганаар орох хоёр улсын хэлэлцээртэй хамт яригдаад явна аа. Хоёрхон сарын хугацаанд л ашиглалтад оруулах ажил байгаа. Үүнийг хийж чадвал 70 жилийн өмнө Улаанбаатар төмөр зам Замын-Үүд дээр Эрээнийг холбосны дараа хийгдэх том ажил болох нь ээ” гэлээ.

Үүнээс гадна валютын нөөцийг нэмэгдүүлэх асуудлаар мөн хэд, хэдэн шийдвэр гарсан бөгөөд Төв банкинд байгаа валютын нөөцөө санхүүгийн зах зээлд гарч ирж буй боломжуудаа ашиглан богино хугацаанд нэмэх боломж байна гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, өчигдөр Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдаж хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Тухайлбал,

-Засгийн газрын гаргасан бондуудыг дотоодын санхүүгийн институциуд эзэмшиж буй. Үүнийг мөнгөжүүлж, дотоодод оруулж ирэх. Хадгаламжийн даатгалын корпораци дээр байгаа 230 сая, Төрийн банкинд эзэмшиж буй 50 сая ам.долларыг мөнгөжүүлэн валютын нөөцөд шилжүүлэх

-Алтны экспортыг нэмэгдүүлэх буюу 18 тонн алтны 1.8 тэрбум ам.долларыг урьдчилж авах. 300 сая ам.долларыг ирэх долоо хоног гэхэд оруулж ирснээр нэг сарын хугацаанд валютын нөөцийг 500 саяар нэмэгдүүлэх

-Экспорт хариуцаж буй гол үйлдвэрүүд буюу “Эрдэнэт” зэрэг үйлдвэрүүд тэрбум ам.долларын экспортыг нэмж хийх

-Томоохон бүтээн байгуулалтуудаа эрэмбэлж, заримыг нь хойшлуулах

Хилээр гарч буй экспортлогч нарын өртгийг бууруулах

-Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг шуурхай ажиллуулахаар тус, тус шийдвэрлэжээ. Энэ нь Засгийн газар бүх бондын төлбөрөө төлөхийг нь төлж, хойшлуулахыг нь хойшлуулж чадсаны үр дүнд бий болж байгааг Сангийн сайд онцоллоо. Тухайлбал, 2025, 2026 онд төлөх ёстой байсан 1.3 тэрбум ам.долларын бондын төлбөрүүд байхгүй болж, 2011-2012 онд хүрч байсан зээлжих зэрэглэлдээ хүрч чадсанаар гадаад зах зээл бидэнд итгэх итгэл нэмэгджээ. Экспортыг нэмэгдүүлэх, валютын нөөцийг өргөжүүлэх ажлын хэсэг мягмар гараг бүр хуралдахаар болжээ. 

Мөн нийт экспортын орлого сүүлийн долоо хоногт буюу 2025 оны гуравдугаар сарын 18-24-нд нийт 268 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос есөн хувиар өслөө. Энэ өсөлтөд нүүрсний экспорт 1.9 сая тоннд хүрч 31 хувиар, зэсийн баяжмалын экспорт 57 мянган тоннд хүрч 31 хувиар, төмрийн хүдрийн экспорт 176 мянган тоннд хүрч 13 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. Харин импорт сүүлийн долоо хоногт 225 сая ам.долларт хүрч өмнөх долоо хоногоос гурван сая ам.доллароор өсөхөд дизель, шатахууны импорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Экспортын орлогын өсөлттэй холбогдуулан гадаад валютын улсын нөөц өмнөх долоо хоногоос 291 сая доллароор өсөж, 4.7 тэрбум ам.доллар буюу импортын дөрвөн сар гаруйн хэрэгцээг хангах түвшинд байна гэдгийг салбарын сайд тодотгов. 

 

.