ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Баярбаатар: М.Нарантуяа буюу Нара гишүүний асуудлыг Ёсзүй, дэгийн байнгын хороо ярина

O.Admin
2025-03-28

УИХ-ын хоёр гишүүн Төрийн ордонд маргалдсан, УИХ-ын гишүүн М.Нарантуяа ээжүүдийг доромжилсон гэх асуудлаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар хэвлэлд байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, “Хоёр гишүүн Төрийн ордонд маргалдаж нэгэндээ гар хүрсэн нь сэдлийн хувьд ёсзүйн зөрчил мөн үү, мөн. Нэгнээ цохиод хохироосон зүйл эрүүгийн хуулиар тусдаа санкцтай учраас шалгагдаад явах байх. Надад бол албан ёсоор гомдол гаргаагүй. Хамтарсан Засгийн газрын сайдын хувьд УИХ-ын Ёсзүй, дэгийн байнгын хорооны даргын хувьд П.Наранбаяр сайдтай уулзана. Надад албан ёсоор гомдол гаргаагүй.

Манай Байнгын хороо ёсзүйн зөрчлийн асуудлаар сануулах, уучлалт гуйх, зургаан сар хүртэл цалин хасах гурван зүйл л байдаг. Байнгын хорооны шийдвэрийг би урьдчилж гаргахгүй. УИХ-ын гишүүн М.Нарантуяад би олон удаа хэлсэн. Ёсзүйн зөрчил мөн үү, мөн. Хувьчилж уулзаж, асуудлыг бол ярина. Өмнө нь хариуцлага тооцсон шүү дээ. Парламентын гишүүн гэдэг ийм байдаг юм, бизнес хийж лайв хийдэг байсан шигээ битгий байгаач гэж олон удаа хэлж, гишүүний ёсзүйн талаар, биеэ авч явах соёлын талаар ч цөөнгүй хэлсэн.

Өнөөдөр өглөө хүртэл надад гомдол ирсэн. Чуулганы завсарлагааны хугацаанд ч нэг биш нэлээд хэдэн асуудал гаргасан юм билээ. Д.Цогтбаатар гишүүний асуудлыг манай байнгын хороо хэлэлцэхгүй. Төрийн байгуулалтын байнгын хороогоор орох байх аа. Чуулганы завсарлагаанаар манай Байнгын хороо хуралдаагүй. Хуралдах асуудлаа цэгцэлж байгаад хуралдааны тов зарлаж, энэ мэт асуудлыг хэлэлцэнэ” гэлээ.