Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хийх хэлэлцээ үргэлжилж байна. “Ачит Ихт”, “Зэс эрдэнийн хувь”, “Эрдмин” компаниудтай хэлэлцээ хийж эхэллээ. Тооцоо судалгаан дээр үндэслэсэн төсөл, хувилбаруудыг Засгийн газрын Ажлын хэсэгт удахгүй танилцуулна.
Мөн улсын хөрөнгөөр хайгуул хийж илрүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий орд болох “Нарийн сухайт”-ын бүлэг ордын лиценз эзэмшигч долоон аж ахуйн нэгжийн удирдлагуудад хэлэлцээ хийх урилга хүргүүлээд байна” хэмээжээ. Тэгвэл эдгээр гурван аж ахуйн нэгжээс бусад нь хэзээ хэлцэлд орох вэ. Тэдний хэд нь УИХ-д төлөөлөлтэй буюу асуудал УИХ-аар орж ирэх үед хамгаалалтаа гаргаж ирэх вэ гэдгийг хэвлэл мэдээлэлд гарсан баримтуудад үндэслэн түүвэрлэв.
-“Ачит ихт” нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан П.Цагааны эзэмшилд байдаг бөгөөд зэсийн овоолгоос ашиглан олборлолт явуулсаар ирсэн. Үүний ард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байдаг хэмээн ярьдаг. Тэгвэл өдгөө УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүн хэмээн яригддаг.
-“Зэс эрдэнийн хувь” компанийн ард УИХ-ын хоёр гишүүн байдаг хэмээн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдэгдсэн. Тэгвэл эдгээр хоёр гишүүн нь Орхон аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн Д.Батлут, тус компанийн 70 хувийг эзэмшиж буй “Бльвмон металс” компани буюу УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар байдаг хэмээн хэвлэлд бичжээ. Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн нэр байсхийгээд яригддаг.
-“Эрдмин” компанийн ар тал Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хүүхдүүд, мөн УИХ-ын гишүүн асан О.Содбилэг буюу Ш.Отгонбилэг агсны хүүхдүүдтэй холбогддог ажээ. УИХ-д одоогоор төлөөлөл алга.
-Долоон аж ахуйн нэгж буюу “Нарийн сухайт”-ын бүлэг ордыг МАК компани буюу УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайшир эзэмшдэг. Тэд олон жил Хятадын “Чинхуа МАК” компанитай хамтран олон жил татвараас бултан ухаж ирсэн.
Өдгөө 540 сая тонн нүүрсний нөөцтэй тус орд дээр
“Монголын алт” /МАК/ ХХК буюу Н.Номтобаяр, Б.Нямтайшир нар 46 хувь
“Саусгоби сэнд” ХХК буюу Жастин Капла тэргүүтэй татвараас бултагч нараараа зартай, Монголын хуулийг үл тоодог гадны хөрөнгө оруулалттай компани 46 хувь
“Өсөх зоос” ХХК буюу УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбатын компани 6 хувь
“Хүрэн толгой коал майнинг” буюу МАК-ийн охин компани 1 хувь
ЕАИ 0 хувь
Адилцаг 0 хувь
Азаргын гол чонот 0 хувь тус тус эзэмшдэг. Эдгээр 0 хувийн компаниуд нь татвараас бултах арга буюу МАК-ийн үүсгэн байгуулсан охин компаниуд байх магадлалтай. УИХ-д хоёр төлөөлөл буюу Ч.Ундрам, Н.Номтойбаяр нар байна.
-МАК-ийн эзэмшилд байдаг “Цагаан суваргын орд”-ын ард Б.Нямтайшир гэр бүлээрээ байгаа 100 хувь эзэмшиж байгаа. УИХ-д Н.Номтойбаярын санхүүжүүлсэн намаар нэр дэвшин орж ирсэн улстөрчид эсэргүүцэх магадлал өндөр.
-Бүрэн хааны орд "Топ руонхэн цо” ХХК, "Талст маргад” ХХК, "Сутай хэн цо” ХХК гурав дээр байдаг. “Талст маргад” ХХК нь УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү Б.Батхишигийн компани.
-Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд байрлах Төмөртэйн цайр, хар тугалгын ордыг "Цайрт минерал” ХХК буюу 2006 онд байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалтай компани. Тус компанийг “Металл Импэкс” ХХК, БНХАУ-ын иргэн Жан Ши Ли нар эзэмшдэг бөгөөд гүйцэтгэх удирдлагаар нь С.Батхүү ажилладаг бол эцсийн өмчлөгч нь УИХ-ын гишүүн Д.Ганбат гэх мэдээлэл цацагдсан.
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байх Төмөртэйн ордыг Худалдаа хөгжлийн банкны эзэн “сахал” Д.Эрдэнэбилэг. Түүний хандив өгсөн улстөрчид парламентад цөөнгүй бий.
-Мардай, Дорнод ураны ордуудыг "Адамасмайнинг” ХХК буюу Япон иргэний эзэмшилтэй компани 220 лицензтэй ч ашиглаж байгаа тохиолдол байхгүй.
-Монгол Улсын эдийн засагт голлох нөлөө үзүүлж буй Тавантолгойн бүлэг ордыг MCS буюу Ж.Оджаргал 100 хувь эзэмшиж байгаад 96 хувийг төрд буцаан өгсөн. Ингээд Баруун наран, Ухаа худаг гэсэн хоёр лицензийг авч үлдсэн бөгөөд үүнийгээ ердөө дөрөвхөн хувь хэмээн өмгөөлж буй. Гэсэн ч коксжих нүүрсний гол нөөц буюу Тавантолгойн бүлэг ордын өрмийг тэд хамаж үлдсэн нь тодорхой болсон. Энэ лиценз анхлан Ашигт малтмалын газрын дарга асан Д.Жаргалсайханаас УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдод ирж, өдгөө харин Ж.Оджаргал эзэмшдэг. Тус компани Д.Энхтүвшин, Ч.Лодойсамбуу гэх хоёр улстөрчийг хөдөлгөж буй нь тодорхой болсон.
Энэ удаагийн парламентаас
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг MCS группээс 140 сая
-Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан 370 сая
-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал-270 сая
-УИХ-ын гишүүн Э.Болормаа 100 сая
-УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн 70 сая
-УИХ-ын гишүүн Ц.Идэрбат-90 сая
-УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн 70 сая
-УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 100 сая
-УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 170 сая
-УИХ-ын гишүүн Д.Ганбат 100 сая
-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 170 сая
-УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны сайд Б.Тулга 100 сая гэх мэтээр 20 гаруй УИХ-ын гишүүд хандив авчээ. Эндээс ердөө тав нь буюу Б.Батцэцэг, Э.Болормаа, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Н.Наранбаатар нар улсынхаа талд гараа өргөнө хэмээн мэдэгдсэн. Энэ асуудал УИХ-аар орж ирэх тохиолдолд эдгээр улстөрчид эсрэг санал өгөх магадлалтай.