УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин болон АН-ын бүлгээс УИХ-ын дарга намын дарга байж болохгүй гэх хуулийн төсөл санаачилж, УИХ-ын Дэд дарга Ж.Бат-Эрдэнэд хуулийн төслөө өгчээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн нүүр номын хуудсандаа "Улс төрийн эрүүл өрсөлдөөн гэхээс илүү албан тушаалын зодоон сүүлийн сар гаран үргэлжиллээ. Энэ үйл явцад татагдаж ороогүй төрийн байгууллага алга. Энэ зодоон дунд хамгийн их хохирол амссан институт нь Парламент буюу УИХ байсан. Энэ үйл явдал зөвхөн Монголд болсон үйл явдал биш. Дэлхий нийтэд ч гэсэн ийм үйл явдлууд зөндөө болж байсан байна.
Парламент гэдэг чинь олонх, цөөнхөөрөө хоорондоо мэтгэлцэж, бодлогоо уралдуулж, бас ойлголцож энэ улс орныг авч явдаг. Энэ бол гол суурь тогтолцоо нь. Улсын бүрэн эрхэт байдал гэж байдаг бол тэр бүрэн эрхэт байдлыг УИХ буюу Парламент нь бүрэн илэрхийлдэг. Тийм учраас парламентын спикер буюу УИХ-ын даргыг нам бус байх хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Ямарваа нэгэн асуудал гарахад түүнээс сургамж аваад, засаад цааш явах ёстой. Намын хэрүүлийг дагаж парламент ганхах ёсгүй. Ийм үндэслэлээр хуулийн төслийг боловсруулсан болно. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэд өргөн мэдүүлэв" хэмээлээ.
Хуулийн төслийн үзэл баримтлалын хэсгээс:
Хуулийн төслийн зорилго нь Улсын Их Хурлын даргыг Улсын Их Хурлын нийт бүрэлдэхүүний олонхид хүлээн зөвшөөрөгдөх, төвийг сахисан байдлаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын хуралдааныг сонирхолын зөрчилгүй, намчирхалгүй удирдах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн түр эзгүйд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Үндсэн хуулийн шаардлага нөхцлийг ханган хэрэгжүүлэх зэрэг асуудлыг зохицуулах хууль зүйн үндэсийг бий болгох төдийгүй нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах ажлыг үр нөлөөтэй, зүй бус хязгаарлалтгүй хэрэгжүүлэх боломжийг олгоход чиглэж буй юм.
