Их эзэн Чингис хааны мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоосон билээ. Энэ өдөр арваннэгдүгээр сарын 21-н буюу маргааш тохиож, бүх нийтээр амарна.
Тэгвэл энэ өдөр жил бүхэн Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан дотоодын иргэн, дэлхий нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэнийг "Чингис хаан" одонгоор шагнаж урамшуулж, Чингис хааны нэр алдрыг дэлхийд дуурсгаж байхаар хуульчилсан байдаг.
Өнөө жилийн тухайд "Чингис хаан” одонг Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн Содовсүрэнгийн Нарангэрэлд хүртээхээр болжээ. Энэ талаар ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Энэхүү эрхэм дээд шагналаар ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, Монгол Улсад хуульзүйн салбарын мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрхзүйн тогтолцоо, хуульзүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэх хийгээд Их Эзэн Чингис хааны дэлхий дахинд тогтоосон их үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад олон жилийн нөр их хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэхэд олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны эргэлтэд оруулсан Шинжлэх ухааны академич С.Нарангэрэлд “Чингис хаан” одонг шагнахаар шийдвэрлэлээ.
Төрийн шагналт, Монгол Улсын шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, хуульч, нийгмийн зүтгэлтэн С.Нарангэрэл нь МУИС-ийн Эмирет профессор, Япон улсын Нагояагийн Их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн юм" хэмээлээ.
Тэрбээр, удам дамжсан эрдэмтэн багш төдийгүй, нэрт хуульч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн юм. 50 гаруй жил багшлахдаа олон мянган хуульч бэлтгэн гаргаснаас гадна гадаадын 30 гаруй эрдэмтэнг бэлтгэсэн. 1975 онд МУИС-ийг төгссөнөөс хойш төрөлх сургуульдаа 50 дахь жилдээ багшилж буй аж. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан 1953 оны тавдугаар сарын 30-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төржээ.
