ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

А.Амартүвшин: 12 сургууль хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байна

O.Admin
2 цагийн өмнө

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Нийслэлийн Боловсролын салбарт энэ онд 43 сургууль, 67 цэцэрлэг, 22 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор зэрэг 139 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Өнөөдрийн байдлаар 7 сургууль, 19 цэцэрлэг, 7 бага сургуулийг ашиглалтад оруулаад байна. Гэвч зарим цэцэрлэгийн үйл ажиллагаа огт эхлээгүй, зарим сургуулиуд 100 хувь хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байна.

Тухайлбал, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд 240 ортой цэцэрлэгийн барилгыг дуусгаж, энэ сарын 17-нд ашиглалтад оруулаад байна. Энэ цэцэрлэгийн барилгын ажил 2020 онд эхэлсэн байдаг. Энэ мэт олон ажил гацсан сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орууллаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил 2018 оноос хойш гацсан байсан.

Уг ажлыг 2024 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлж, нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаад байна. 62 дугаар сургуулийн өргөтгөл нь нийт 25 ангитай. Гэтэл Боловсролын яамнаас өнөөдрийн байдлаар 12 ангийг нь тохижуулсан байна. 13 анги нь сандал ширээгүй байгаа. Яг ийм нөхцөл байдалтай 12 сургууль байгаа бол 8 цэцэрлэгийн зөөлөн, хатуу эдлэлийг салбар яамнаас шийдэж өгөөгүй байна. Үүнээс болж бүрэн хүчин чадлаараа хүүхдүүдээ хүлээж авч чадахгүй байдалтай байна” гэлээ.