Академич С.Нарангэрэлийн Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр, Эзэн Чингис хааны дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоосон үйл хэрэг, гарамгай гавьяаг сурвалжлан судлахад хөдөлмөр зүтгэлээ зориулж, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх олон арван бүтээл туурвин, шинжлэх ухааны болон сургалт, судалгааны эргэлтэд оруулсныг ийнхүү үнэлэн алдаршуулж байгаа аж.
С.Нарангэрэл нь Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич.
Удам дамжсан эрдэмтэн, багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, нэрт хуульч, өмгөөлөгч, хууль тогтоогч, төр, нийгмийн зүтгэлтэн юм.
Тэр бээр МУИС-ийн Хууль зүйн сургуульд 50 гаруй жил багшлахдаа хууль зүйн салбарын дотоод, гадаадын 30 гаруй эрдэмтэн, олон мянган хуульч бэлтгэжээ.
Академич С.Нарангэрэл нь Улаанбаатар хотын Ерөнхий прокурорын 1 дүгээр орлогч, Улсын Ерөнхий прокурорын газарт хэлтсийн дарга, Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Төрийн бодлого судлах төвийн эрдэм шинжилгээний ажилтан, Улсын Бага Хурлын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийн дэд захирал, УИХ-ын гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирлаар ажиллаж байжээ.

