ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Нэг хүнд зориулж хууль батлахаар улайрч буй АН-ын улс төрийн цаана...

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2 цагийн өмнө

Өнгөрөгч амралтын өдрүүдээр Их хурлаа хийсэн МАН-ынхан үндсэн дүрмээ хэлэлцэх үед гурван том асуудал үндсэн дүрмийг тойрч маргалдах шалтгаан болжээ. Уг нь хоёр өдөр бүгдийг шуурхайлаад дуусгачихна гэж төлөвлөж байсан ч Улс төрийн намын тухай шинэчлэн батлагдсан хуультай уялдуулан намын дүрмээ хэрхэн шинэчилж зурах вэ гэдэг нь тийм ч амархан сэдэв байхгүй нь ойлгомжтой.

Өөрөөр хэлбэл, өнгөц харвал индэр дээр гар гараасаа бариад зогсож байсан ч халаасандаа “салаавчтай” зогсож байсан Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэн үндсэн дүрэмд тусгах саналаа Д.Амарбаясгалангийн илтгэлээр тун тодорхой хэлчихсэн билээ. Тиймдээ ч ялсан намын дарга Ерөнхий сайд хийнэ гэсэн хуучин дүрэм дэх заалтыг хэвээр авч үлдэх, намын анхан шатны нэгжээс буюу үүрийн дарга, аймаг, сумын намын удирдлагуудаас Бага хуралд гишүүнээр сонгох, намын болон улс төрийн бусад удирдах албан тушаалд аль нэг хүйсийг 40 хүртэл хувиар хангах гэсэн гурван гол заалтыг тойрч бүтэн гурван өдөр маргалдав.

Эцэст нь “Ялсан намын дарга нь Ерөнхий сайдаар ажиллана” гэх заалтыг хэвээр үлдээсэн бөгөөд намын анхан шатны нэгжээс Удирдах зөвлөл болон Бага хуралд оруулах, 40 хүртэлх хувийн хүйсийн харилцааг нээж өгсөн гэдгийг өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр МАН-ын дарга Н.Учрал онцоллоо. Ямартай ч 44 заалт шинээр нэмж, 57 заалтыг өөрчлөн найруулж, есөн заалтыг хасчээ.

Түүнчлэн, намын дүрмийг дагалдан 10 гаруй журам гарах бөгөөд намын санхүүжилтийг ил тод болгох, гишүүдийг ёсзүйн кодтой болгох, оноожуулах зэрэг заалтууд оржээ. Тэгвэл ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэх дүрэм замын дундаас сонгогдсон МАН-ын дарга Н.Учралд хамаарах уу, дүрэм ёсоор Ерөнхий сайд болох уу гэдэг нь дан ганц МАН-ын Их хурлын сэдэв ч бус бүр УИХ-ын түвшинд хүртэл асуудал үүсгэж эхлэх нь тэр.

Учир нь өнгөрөгч даваа гарагт болсон АН-ын бүлгийн хурлаас УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилснаа мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга нь улс төрийн намын дарга байж болохгүй гэсэн ганц заалтыг тус хуулийн өөрчлөлтөд багтжээ.

О.Цогтгэрэл “УИХ-ын дарга нь аль нэг намын дарга байтугай намын гишүүн байж болохгүй буюу түдгэлздэг байх олон улсын жишиг байдаг юм билээ. Энэ жишгээр хуулийн төслийг өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. УИХ бол зөвшилцөл, ойлголцлын танхим. Тэнд аль нэг намын дарга суух нь парламентад ёсны бэхжилтэд зөв зохистой асуудал биш” гэв.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хэлэхдээ “Сүүлийн сар гаруйн хугацаанд өрнөсөн үйл явцыг та бүхэн харсан байх. Энд татагдаж ороогүй төрийн байгууллага байгаагүй. Намуудын талцал хуваагдал, улс төрийн өрсөлдөөн, албан тушаалын зодоон хэрээс хэтэрсэн. Энэ зөрчил дотор хамгийн их хохирол амссан институци нь парламент байсан. Энэ үйл явдлыг ажиглаж харахад дэлхий дахинд ч мөн өрнөж байсан юм билээ. Тиймээс олон улс орнууд сургамж аваад парламентын даргаа нам бус байлгадаг жишигтэй. Нэг намын хурал болгохгүй, намын дарга таанц эргэдэг, бүжиглэдэг талбар болгохгүйн тулд дэлхий нийтээр олж авсан туршлагаараа явсан. УИХ нь улс төр дагаж савладаг байхгүйн тулд энийг өөрчлөх ёстой” гэжээ.

Нэг талаас харвал эрх барьж буй намын дарга нь парламентад ч сонгогдож чадаагүй Ерөнхий сайдынхаа дор сууж буй нь буруу гэвэл буруу. Нөгөөтээгүүр, Д.Амарбаясгалан намын даргын тамга атгасан даруйдаа парламентын гишүүдийг хэрхэн удирдаж, ямархуу том зөрчил рүү түлхэж байсныг харвал АН-ын энэ улс төр зөв гэж бодмоор.

Гэвч Монгол Улсад улс төрийн зодоон, хэрүүл тэмцэл ихэдсэн үү гэхээс багадаагүй. Өөрсдийг нь Засгийн газарт уриагүйн төлөө нэг хүнд зориулсан буюу зөвхөн Н.Учралд зориулсан хууль батална хэмээн улайртлаа АН-ын хийж буй улс төр хэрээс хэтэрч буй нь үнэн.

Д.Амарбаясгалан эсвэл З.Энхболд намын дарга байхдаа УИХ-ыг даргалж болдог Н.Учрал харин намын дарга болчихоор УИХ-ыг даргалж болдоггүй гэсэн хачин хууль дүрэм хаана ч байхгүй. Цаашлаад Н.Учрал улс төрийн зодоон, дараагийн ээлж хоолондоо гэсэн эцэс төгсгөлгүй зөрчлийг зогсоох үүднээс Г.Занданшатарын Засгийн газрыг тогтвортой ажиллуулна гэж мэдэгдчихээд байхад “Ялсан юм бол намаа удирд гэсэн дүрмээ дага” хэмээн Их хурлын төлөөлөгчдийнхөө хэсэг бүлгийг турхирч буй “халаасандаа салаавчтай” хэсэг бүлэг ч муухай харагдаж эхлэв.

Угтаа Н.Учрал ялсан намын дарга бус Л.Оюун-Эрдэнэ намаа ялалтад хөтөлсөн. Гэвч улс төрийн хариуцлага хүлээж түүний албан тушаал орон гарсан дээр намын даргаар Н.Учрал сонгогдсон. Тиймдээ ч МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улирч сонгогдсон МАН-ын генсек Я.Содбаатар "Эрх баригч намын хувьд хэнийг УИХ-ын даргаар томилох вэ гэдгээ бид өөрсдөө мэднэ" хэмээгээд өнөөдөр өглөө Удирдах зөвлөлөө хуралдуулан МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар нэр дэвшүүлэв.

Харин одоо АН-ын хийх улс төр тун сонин. АН ганцаараа улстөржлөө гээд оноо авч чадахгүй. Харин өнгөрсөн өдрүүдэд эвлэрлээ зарласан гэх МАН-ын 30-ын бүлэг үүнд хүч нэмэхгүй бол Н.Учрал УИХ-ын дарга болох эсэх нь цаг хугацааны асуудал. Тиймээс МАН үнэхээр ойлголцолд хүрсэн үү гэдгийг энэхүү хуулийн төслийг тойрсон улс төрөөс харж болох нь ээ. Харин Н.Учрал яг сонгуульд намаа удирдаж ороод ялалт байгуулсан бол өөр асуудал яригдах учиртай билээ.

Юутай ч ирэх өдрүүдэд Н.Учрал намаа удирдахаас гадна Их хурлыг удирдах уу, эсвэл... гэсэн улс төрийн том маргаан өрнөх нь тодорхой болж байна. Гэлээ гэхдээ Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага хэдий болтол даргагүй явж, олон арван хууль тогтоомж эрх ашгийн энэ зөрчил маргаан дунд орхигдсоор явах вэ гэдгийг эрүүл саруулаар харах хүмүүс энэ төрд байгаа гэдэгт найдъя.