ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энх-Амгалан: С.Зоригийн хэргийг дахин шалгах шаардлагагүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-10-24

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонсов. Эрүүгийн болон Зөрчлийн тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Прокурорын тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг баталсантай холбогдуулан УЕПГ –аас  холбогдох заавар, журмуудыг боловсруулан баталж мөрдүүлээд байгаа талаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулсан юм.

Тэрбээр  “Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэн 2017 оны долдугаар сарын 01-нээс хойших хугацаанд эрх бүхий байгууллагууд зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл нийт 533341-ийг хүлээн авч бүртгэх ажиллагаанд прокурор хяналт тавьсан бөгөөд 3.9 хувийг нь хүлээн авахаас татгалзаж, 2.3 хувьд нь зөрчлийн хэрэг нээж, 93.3 хувийг нь хялбаршуулсан журмаар шийдвэрлэж 0.2-ийг нь шалгаж байгаа.  Зөрчлийн улмаас иргэнд 2.5 тэрбум, хуулийн этгээдэд 2.4 тэрбум, төрд 200 сая төгрөг, нийтдээ 5.1 тэрбум төрөгийн хохирол учирсан байна. Иргэнд учирсан хохирлын 60.7 хувь, хуулийн этгээдэд учирсан хохирлын 2.8 хувь, төрд учирсан хохирлын 46 хувийг тус тус нөхөн төлүүлсэн” хэмээн мэдүүлсэн юм. Мөн хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд түүнээс асуулт асууж, хариулт авлаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Болд: 

-С.Зоригийн агсны хэрэгт хууль эрх зүйн ямар гаргалаа байна вэ. Энэ хэргийн зарим хэсгийг нууцаас гаргах шийдвэрийг Засгийн газар гаргасан ч хэрэгжээгүй. Одоо болтол гишүүд ч хэргийн материалтай танилцах боломж байхгүй байна. 

 

Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 

-С.Зориг агсны хэрэгт төр туслалцаа дэмжлэг үзүүлж ирсэн. С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэж гурван хүнд ял оноосон. Хуулийн хүрээнд шүүхийн шийдвэр нэгэнт гарсан. Шүүхийн эцсийн шийдвэр гарсан болохоор энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа.  Энэ хэрэг 18 жилийн дараа илэрсэн. Дахин шалгах шаардлагагүй. Хамгийн сүүлд  гэрч Б.Булганы өгсөн мэдүүлэгт хэрэг бүртгэл нээж, шалгаж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Л.Энхболд:

-Оффшорын хуулийн хэрэгжилт­тэй холбоотойгоор хэчнээн төгрөг манайд орж ирсэн бэ. 2010-2011 онд Гашуунсухайт боомтоор 3758 машин буюу 340 мянган тонн нүүрс бүрдүүлэлтгүй гарсан асуудалд хэрэг үүсгээд шалгахад прокуророос хэрэгсэхгүй болгосон. Хилээр гарсан машины серийн дугаар, нүүрсний хэмжээ нь тогтоогдсон. Улсад 60 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирсан. 

 

Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан: 

-Оффшор данстай байсан хүмүүс мөнгөө оруулж ирсэн. Тодорхой хэмжээний мөнгө битүүмжлэх асуудалд гадаадын хууль хяналтын байгууллагад санал тавиад, хариу хүлээж байгаа. Нүүрс алдагдсан  асуудалд АТГ-аас хэрэг бүртгэл нээсэн. Шалгаж  байгаа. Миний хувьд энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: 

-Оффшор гэж улстөрждөг гишүүн олон.  Оффшор гэж ярьснаас болоод хөрөнгө оруулалт эрс багассан. Би бол оффшорчны нэг. Шалгуулж ч байгаа. Засгийн газар  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO-г Хонконгийн хөрөнгийн биржид арилжаалах  шийдвэр гаргасан. Хонконг өөрөө оффшор бүс шүү дээ. Энэ оффшор бүст IPO гаргавал хууль зөрчих үү.

 

Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан:

-Оффшор нь бизнесийн  хувьд байх ёстой зүйл. Харин татвараас нуугаад мөнгөө оффшорт байрлуулж байгаа нь буруу. Оффшороос бүсээс орж ирсэн мөнгийг хориглоно гэж байхгүй.