Дусал ч цус гаргахгүй ардчилсан хувьсгалыг эх орондоо энхийн замаар авчирсан ардчилсан партизанууд ирэх онд 30 жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж одоогоос есөн жилийн өмнө буюу 2009 онд 20 жилийн ойн үеэр “Ардчилал хэмээн бид шинэ эрх чөлөөтэй боллоо. Эрх, эрх чөлөө гэдэг бол бид өөрийн дураар амьдрах юм” хэмээж байлаа. Нэг үгээр хэлбэл, тэртээх 29 жилийн өмнө олдсон ардчилал бидэнд хүний эрхээр жаргаснаас өөрийн эрхээр зовох эрх чөлөөг өгч байжээ. Улс төрийн болон эдийн засгийн эрх чөлөөнд хүрсэн он цаг амаргүй байсан ч ардчиллын “алтан хараацай”, партизанууд өвлийн хүйтэнд цементэн шалан дээр эсэргүүцэл илэрхийлж сууснаар өнөөгийн бидний дураар эдэлж буй үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг авчирсан юм. Хонхны дуутай ирсэн ардчиллыг өнгөрсөн хугацаанд хангалттай эдэлж, Төрийн ордон руугаа салаавч гаргаж, Төвбанкныхаа гадна жагсаал хийж байна. Их жанжины талбайг тойрч машинтайгаа сигналдаж, эрх баригч намынхны булхай луйврыг илчлэх эрх чөлөө бидэнд олдов. Гэвч ардчилал, эрх чөлөөг үнэт зарчмаа болгож, ардчиллын үнэ цэнийг хамгаалж байх учиртай Ардчилсан нам нь дотроо дарангуйллын системтэй болоод уджээ.
Хэдхэн өдрийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ Баянзүрх дүүргийн намын дэмжигч гишүүдтэйгээ хэрэлдэж буй бичлэг соошл орчинд тарлаа. Тэдгээр жагсагчдын үг хэл, ярьж байгаа үг нь зохисгүй байсан уу гэвэл байсан. Гэхдээ энэ зэргийн эсэргүүцэл, үг хэлээр доромжлох үйлдлийг том намын даргын хувьд тэвчээд өнгөрч болно оо доо. Гэтэл эгээ л авгай, хүүхэн шиг нэг үг ч газар унагахгүй хэрэлдэж, түмний шившиг болж байх юм. Монголын ардчилсан холбооны партизануудын тэмцэж олсон ардчиллыг тэд ингэж л “шившиглэж”, түмний булай болгож сууна. МоАХ-ны партизанууд аа, та нар хаана явна вэ. Тэмцэж олсон ардчиллын чинь үнэ цэнэ өдрөөс өдөрт унасаар байна. Баянгол дүүрэгт вант улсаа байгуулсан шиг цөөхөн хэдхэн хүн энэ намын толгойд заларчихлаа. Тойргийн гадна үлдсэн хэд ч өөрийнх нь олж ирсэн ардчилал юм шиг өмчирхөж, эрх мэдлийн төлөө улайрцгааж байгаа. Бүр нам тасална, бидний намыг уландаа гишгэллээ гэж өмчирхөж ч хэвлэлээр гомдол тээж ч байх шиг. Х.Тэмүүжин, Л.Гантөмөр гэсэн намын нэрээр албан тушаалд очдог атлаа ялагдчихаар алга болчихдог залуучууд намаа өмчилсөн аятай өдөр шөнөгүй шүүмжилж, ардчиллыг нулимж явах юм.
Ардчилсан намын толгой болгонд “Шонхор” фракци эргэлт буцалтгүй бууриа засч, ардчиллыг дарангуйлал болгон хувиргаж эхэлсний гэрч нь дотоод сонгуулийн тулаан байлаа. Намын даргаар “Шонхор” фракцийн улстөрч томилогдлоо. Бүх нийтийн санал асуулгаар гэдэг ч үүний цаана ямархан тохироо явсныг намын гишүүд нь мэдэхгүй л байв гэж дээ. Төд удалгүй Ц.Элбэгдоржийн туслахаар ажиллаж явсан залуу АЗХ-г удирдах эрх авлаа. МоАХ-ноос “урвасан”, намаа байж болох хамгийн доод түвшинд хүртэл самарч байсан экс Ерөнхийлөгч залуучуудын холбоог атгах нь нэгэнт тодорхой болчихжээ. Гэтэл хэдхэн өдрийн өмнө АЭХ-г мөн л “Шонхор” фракцийн улстөрч атгачихлаа. Өөртөө хоёр сул өрсөлдөгч бэлтгэсэн, энэхүү зохион байгуулалттай сонгуулийг эсэргүүцсэн эгэл гишүүдээ намын дарга нь бандгар жипнээсээ бууж ирээд загнаж, хөөгөөд явуулж байх юм. Хурлын танхимаа баахан хамгаалагчаар мануулж байгаад хууль бус сонгууль хийлээ. Цементэн шалан дээр өлсөж суухдаа та бүхэн ийм ардчилал хүсээгүй нь лавтай биз. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд дотоод ардчилал, зөрчил тэмцлээ нуудаггүй байлаа. Энэ нь намыг илүү эрүүл саруул харагдуулж байжээ.
ҮБХ-ны хурал дээрээ цусаа гартал зодолдсон ч энэ чинь л ардчилал хэмээн тоож явдаг хүн олон байсан юм. Гэтэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд АН улам бүр дотогшоо өтөж байна. Савнаасаа халих ёсгүй гэсэн дарангуйллын зарчим хэрэгжиж, зөрчил тэмцлээ нуудаг, ил гаргахгүй хав дардаг болов. Яг л МАН-ын гашуун түүх, МАХН-аас өрх салж байсан 2009 оны их ялагдлын өмнөх түүхийг АН давтаж байх юм. Энэ бүхний үр дүнд 2020 онд ялалт ирэх нь юу л бол. Бугшсан идээ бээр нэг л өдөр гадагшаа тэсэрдэг ёсоор 2020 оны сонгуулиас өмнө энэ нам, энэ ардчилал “булшлагдах” вий дээ. Муу амласан хэрэг огт биш юм шүү. Өнөөдрийн бодит байдлаар сүүний өрмийг нь “Шонхор” идэж, хусмыг нь харин МоАХ-ны партизанууд хүртэж байна. Албан тушаалын бялууны хамгийн амттай хэсэгт “Шонхор” үүрээ засч, харин алтан хараацайнууд нь өвдөл цөвдөл, өөх махны тасархайгаар хооллож байгааг худлаа гэж хэлэхгүй байлгүй. Хүйтэн өвлөөр даарч зогссон партизан нь намдаа гологдож, өдгөө Төв талбайд улаан майхан зоож, тэр бүхэндээ намаа буруутгаж, баруун солгойгүй муулж явах аж. Эмгэнэлтэй, ичгэвтэр хэрэг биш гэж үү. Хамгийн тэргүүн эгнээнд тэмцэж явсан партизанууд нь дийлэнх нь бурхны оронд заларчихлаа.
Тэд төрийн хайр хишгийг хүртэж чадсангүй, тэнгэртээ залрав. Холбоог нь тэргүүлдэг гэдэг утгаараа Ерөнхийлөгч хаа нэгхэн ганц өрөө байрны дэмжлэг үзүүлэх юм. Эс бөгөөс XI хороололд байрлах холбооны байрныхаа гадуур эргэлдэж, аяга тагш хатуу дарсны мөнгө олчихоод, 29 жилийн өмнөх дурсамжаа үлгэр шиг ярилцан суух болжээ, тэд. Хамгийн гунигтай түүх. Залуу идэр насаа зориулж олсон ардчиллаар нь хэсэг бүлэг хүмүүс баяжиж хөлжиж, албан тушаал, эрх мэдэлд хүрчихлээ. Харин тэдний хувьд цагаан морин жил гудамжинд гарч, тайван замаар эх орондоо авчирсан ардчиллын үнэ цэнэ нь хундага дарсны үнэтэй үлдсэн гэхээр л халагламаар санагдсаныг нуух юун. Сонгууль дөхөхөөр л партизануудаа санасан дүр эсгэж, байр өгнө гэх мэтээр шоудаж, бусад үед нь тэд гудамжинд хөөгөөд гаргачихдаг. Хатуухан хэлэхэд, хундага тулгах архины ч мөнгө өгдөггүй нь худлаа биш шүү дээ. Тиймээс ардчиллаа аварцгаа партизанууд аа. Яг одоо “Хонхны дуу”-гаа аялаад намаа аврах тэмцэлдээ ор. Төв талбайд, бүр болохгүй бол Баянгол дүүрэгт давхиж очоод суулт зарла. Намаа нам шиг үлдээж, 30 жилийнхээ ойгоор хоёр, гурван нам болж сарнихыг л хүсээгүй бол 30 жилийн дараа дахиад нэг хувьсгал хийчихээч, яадаг юм.
Б.Алтантуяа