ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

М.Энхболд: Хэл амнаас хол байя гэж ажлаа өгөх нь цаг нь одоо биш

O.Admin
2018-12-18

200 гаруй залуусаар гурван давхар хамгаалалт тавьсан МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хурлын эхэнд намын дарга У.Хүрэлсүх илтгэл тавьсан бөгөөд энэ үеэр эв нэгдэл нэрээр муу муухайг хамгаалахгүй гэдгээ мэдэгдэж, мөн УИХ-ын даргад хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн билээ. Хурлын ирц 78 хувьтай, хаалттай үргэлжилж байгаа бөгөөд Бага хурлын гишүүд байр сууриа илэрхийлж эхэлжээ. Тэдний хэлсэн үгийг тоймлон хүргэе.

М.Энхболд: Нэг ч хүнийг 60 тэрбум гэж яригдаж байгаа схемээр мөнгө авч, албан тушаалд томилоогүй гэдгээ өмнө нь хэлсэн, одоо ч хэлье. Хэл амнаас хол байя гэж шийдээд ажлаа өгөөд явах цаг одоо биш. Парламентад үүсээд байгаа нөхцөл Монгол Улс парламентын засаглалтай байх уу, үгүй юу, манай намын дотоодод үүсээд байгаа асуудал, зохион байгуулалттай гэж хэлж болохоор ЖДҮ-ийн асуудал үүссэн энэ цаг үед хүндрэлээс зугтааж байгаа мэтээр өргөдлөө өгөөд явахыг би буруу гэж бодож байна. Өнөөдөр ҮАБЗ дээр зарим нэг асуудал дээр би ганцаардаж байгаа.

А.Ундраа: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулах гэж байна. Ийм асуудлыг УИХ-ын гишүүний хувьд, мөн намын Бага хурлын гишүүний хувьд ч дэмжихгүй. Хууль зөрчсөн үйлдэл болж байна. Сонгох томилох асуудлыг УИХ шийддэг. Хууль зөрчсөн үйлдэл рүү битгий түлхээч гэж хэлээд гарч ирлээ. Маш олон Бага хуралд оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалалттай болж байгаагүй. Хурлын танхимаас гараад энд ирэх зуурт хоёр ч хамгаалалтын компанитай таарлаа. 200 орчим боксын тамирчинг намын байранд авчирсан байна. Түгшүүртэй байна.

Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёулаа асуудлаа Тусгаар тогтнолын ордон дотроо ярих ёстой. АТГ намайг дуудсан. Булган аймагт ЖДҮ-ийг хөгжүүлнэ гэж ярилаа. Тэр асуудлаар надаас мэдүүлэг авсан. Хийсэн ажлаа ард түмнээр дүгнүүлэх ёстой. Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан 27 гишүүдээс цөөнгүйг дуудаж байцаалт авсан. Намын дүрэмдээ уг нь хөөдөг туудаг асуудлыг больсон юм шүү дээ. Яаж байгаа юм үүд хаалгаа хаадаг нь.

Х.Болорчулуун: Зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын даргыг огцруулна гэсэн байр суурьтай байна. Намын хурлаараа хариуцлагын асуудлыг ярина. Намын эв нэгдэл гэж болохгүй бүхнийг хаацайлж ирсэн. Энэ идээ бээр шахагдаж байна. Намын гишүүдэд хариуцлага тооцох асуудлыг ярих байх.

Ц.Даваасүрэн: Илтгэлдээ л УИХ-ын дарга ёс суртахууны хариуцлага хүлээ гэж хэлсэн. Дөнгөж эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.