ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Эрдэнэбат: Их хурал гишүүдийнхээ саналаар өөрөө тарах ёстой

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-03

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өчигдөр УИХ-ын даргад өргөн барихаар болсон билээ. Гэсэн ч УИХ-ын дарга хуулийн төслийн зарим материал дутуу хэмээн хүлээж авахаас татгалзсан билээ. Энэхүү хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн дийлэнх, олонхийн саналаар УИХ-ын даргыг огцруулах  юм. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж эхэллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр, “Бид нэг байр суурьтай байгаа. Бүх зүйлийг хуулийн хүрээнд шийдэх ёстой. Хуульгүйгээр хийж байгаа бүх зүйл төрийн эрхийг хууль бусаар авах гэж байгаатай агаар нэг байна. Ардчилсан намын бүлэг хуулийн хүрээнд хуралдаа суугаад явж байгаа. Харамсалтай нь эрх баригчид олон долоон хоног ажлаа хийсэнгүй.

Төрийн олон ажил гацлаа. Эндээс гарах хоёр л гарц байна. Их хурал гишүүдийнхээ саналаар өөрөө тарах ёстой. Ард түмний хүсэл болов уу ч гэж бодож байна. Хоёр дахь нь Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөл юм. Ерөнхийлөгч хуулийн төсөл өргөн барих эрхтэй. Төрийн байгуулалтын байнгын хороо хуулийн төслийг хэлэлцэх байх. Ирэх долоо хоногт бид Их хурал тарах нь зүйтэй юу, хоёр дахь нь энэ хуулийг дэмжих үү гэдгийг ярилцана. Хуулийг зайлшгүй хэлэлцэх ёстой. Их хурлын дархлаа сулрах вий гэсэн болгоомжлол бол байгаа. Гэхдээ бид хэлэлцээд явах нь зүйтэй юм” гэв. Өөрөөр хэлбэл, энэ хуулийн төслийг хэлэлцээд явахад хуулийн хүрээнд ямар нэг саадгүй гэв.