ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН парламентын ээлжит сонгууль зохион байгуулах ёстой гэж үзжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-06

Ардчилсан намын Удирдах зөвлөл энэ сарын 5-ны өдөр буюу өнгөрөгч бямба гарагт хуралдаж улс төрийн шийдвэр гаргажээ. Тодруулбал, УИХ-ын гишүүд нь хуралдаа ирэхгүй, НИТХ нь хуралдаж Засаг даргаа томилоогүй, Засгийн газар нь хариуцлагагүй ажиллаж байгаа энэ бүх нөхцөл байдлыг дүгнэж үзээд Улсын Их хурал санаачилгаараа тарж, парламентын ээлжит сонгууль зохион байгуулах ёстой гэсэн улс төрийн шийдвэр гаргасан байна.

Энэхүү шийдвэрээ өнөөдөр олон нийтэд танилцуулах бөгөөд Ардчилсан намын төв байранд 11.30 цагт хэвлэлийн хурал зарлажээ. Тэгвэл Төрийн ордонд яг одоо УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд намынхаа Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцэж байгаа аж.

Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-ын дарга М.Энхболдод өргөн бариад буй УИХ-ын тухай хууль болон Чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслөөр байр сууриа нэгтгэж байгаа юм байна. Тэд бүлгийн хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар Ерөнхийлөгчийн энэ хуулийг УИХ хэлэлцэж чадахгүй бол парламентын ээлжит сонгууль хийх ёстой гэдэгт АН-ын бүлгийн гишүүд санал нэгдэх бололтой.