ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН, АН-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгэлээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-06

Улсын дээд шүүх өнөөдөр улс төрийн хоёр намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэжээ. Тодруулбал,  Монгол Ардын намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцсэн байна.

Монгол Ардын намын өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн Бага хурлын гуравдугаар хуралдааны 06 дугаар тогтоолоор намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэжээ.

Мөн Ардчилсан намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг шинэчлэн бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг ч хэлэлцсэн аж.

Ардчилсан намын мөн л өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн есдүгээр Их  хурлаар баталсан дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хуульд нийцэж байна хэмээн үзэж, тус намын шинэчилсэн дүрэм, мөрийн хөтөлбөрийг бүртгэжээ.