ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

МАН-ын бүлэг: 700-1000 ортой хүүхдийн эмнэлэг барьж, хүн амаа вакцинжуулах шаардлагатай

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-20

 

УИХ дахь МАН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн ээлжит хуралдаанаар томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал бодлоо нэгтгэсэн тухай бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээллээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн мэдээлэлтэй холбогдуулан МАН-ын бүлэг хоёр асуудалд анхаарах шаардлагатай байна гэсэн шийдвэрийг гаргажээ. Энэ талаар бүлгийн дарга мэдээлэхдээ “ МАН-ын бүлгийн хуралдаанаар томуу томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор хоёр асуудалд байр сууриа нэгтгэлээ. Нэгдүгээрт томуугийн вакцины хүрэлцээ, хангамжыг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж үзлээ. Тийм учраас 2019 оны төсвийн тодотгол, 2020 оны төсөвт энэ чиглэлээр онцгой анхаарч, багадаа 10 тэрбум төгрөгийн хөрөнгө суулгах шаардлага байна гэж дүгнэлээ. Хоёрдугаарт орны тоог нэмэгдүүлэх шаардлага байна. Ялангуяа нийслэлийн хүүхдийн орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа учраас энэ талаар шат дараатай арга хэмжээ авах нь зүйтэй гэсэн шийвдэрийг гаргалаа” гэв. Харин Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Өнөөдрийн байдлаар томуу, томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь нийслэлийн хэмжээнд 8, хөдөө орон нутагт 8.8 хувьтай байна. Улсын дунджаар 8.4 хувьтай байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад буурч байгаа үзүүлэлт боловч санаа амарч болохгүй. Яагаад гэвэл томуу томуу төст өвчний вирус эргэлдсээр байгаа бөгөөд сар шинийн баярын өдрүүдээр дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Шинэ жилийн баяраар томуугийн тархалт нэмэгдэж, орны ачаалал 74 хувиар нэмэгдэж байсан. Өчигдөр би дүүргийн эмнэлгүүдээр явахад орны ачаалал 3.6 хувиар нэмэгдсэн байдалтай байна. Сүүлийн хоё жил коридорын шалан дээр хүүхэд аваагүй. Яаралтай шинжтэй буцаах аргагүй хүүхдүүдийг коридорт ор тавьж авч байгаа. НЭМГ болон Эрүүл мэндийн яам хамтран ажилласны дүнд өнөөдрийн байдлаар ямар ч эмнэлгийн коридорт хүүхэд хэвтээгүй байна. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн Том хүний эмнэлгийн тусламж үйлчилгээг “Ачтан” эмнэлэг рүү шилжүүллээ. Үүний үр дүнд эрчимт эмчилгээнээс бусад бүх тасаг нь хүүхдийн эмчилгээнд шилжсэн. Цаашид бид гал унтраасан байдлаар өвчин дэгдсэн үед арга хэмжээ авах биш, ямар ч үед хүрэлцэхүйц хэмжээний хангалттай ортой байх нөхцлийг бүрдүүлэхийн төлөө ажиллая гэсэн саналыг Улсын онцгой комиссын хуралдаанд тавьсан. Энэ асуудлыг өнөөдөр бүлгийн хуралд мөн танилцууллаа. МАН-ын бүлгээс 700-1000 ортой хүүхдийн эмнэлгийг нэмж барих төсвийг шийдвэрлэж, хүн амаа вакцинаар хангах санхүүжилтыг нэмэх шаардлагатай гэсэн шийдвэрийг гаргалаа. ДЭМБ-аас хүн амынхаа 45 хувийг вакцинд хамруулсан тохиолдолд томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед харьцангүй хөнгөхөн даваад гарах боломжтой гэсэн зөвлөмжийг өгдөг. Манай Улсын хувь хүн амынхаа 0.3-0.6 хувийг л вакцинжуулж чадаж байна. Тийм учраас 1.4 сая хүн.тун вакцинтай байхад бид нийт хүн амынхаа 40-45 хувийг вакцинд хамруулах боломжтой болох юм. Үүнд нийт 10 орчим тэрбум төгрөг шаардагдах юм. МАН-ын бүлгээс энэ хоёр асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг өнөөдөр гаргалаа. Ор нэмэгдүүлэх болон вакцины асуудал төсөвтэй холбоотой учраас 2020 онд шийдэгдэх асуудал юм. Тиймээс ойрын үед бэлэн эмнэлгийн байр худалдаж авах, түрээслэх арга хэмжээг судлах үүргийг Эрүүл мэндийн яам хүлээж байна. ” хэмээн мэдээллээ. Бүлгийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Энэ долоо хоногийн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэнэ гэж ойлгох болох уу?

-Энэ долоо хоногт хэлэлцэхгүй.вакцинжуулах асуудлын тухайд 10 тэрбум төгрөг шаардлагатай гэж байгаа. 2020 оныг хүлээх юм бол 2020 оны томуугийн дэгдэлттэй тэмцэж чадахгүйд хүрнэ. Тиймээс төсөвт тодотгол хийх шаардлагатай.10 сар гэхэд вакцинаар хангасан байх ёстойг салбарын сайд хэлж байгаа учраас түүнээс өмнө хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа.

-М.Билэгт гишүүний эмнэлгийг улсад авах асуудал яригдаж байгаа гэсэн. Ямар зориулалтаар ашиглах юм бэ?

-ХСҮТ-ийн хашаанд М.Билэгт гишүүний компани барьж байгаа эмнэлгийг худалдаж авбал ямар вэ гэсэн саналыг ХСҮТ-өөс гаргасан юм. Ямар үнэ өртөгтэй, худалдаж авах боломжтой эсэхийг Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллаж байна.

-Ор нэмэх, вакцинжуулах ажлыг 2020 онд хийнэ гэж байна. энэ нь бас л гал унтраах зорилготой мэдээлэл юм шиг санагдлаа?

-Томуу томуу төст өвчний үед гал унтраасан байдлаар биш асуудлыг томоор харж, цогц хэлбэрээр шийдэх асуудлыг л энд ярьж байна. Энэ шууд төсвийн тодотгол хийх рүү чиглэж байна гэж ойлгохгйү байгаа. Засгийн газар өөрийн нөөц хөрөнгөтэй, түүний хүрээнд шийдвэрлээд явах боломж бий. Сүүлийн үед ханиад томуугаар олон хүүхэд эндэж байгаа мэт ташаа мэдээлэл явж байна. Одоогоор томуу, томуу төст өвчний улмаас хүүхэд эндсэн тохиолдол гараагүй байна. Харин томуу томуу төст өвчний хүндрэлээс үүдэн улсын хэмжээнд гурван том хүн нас барсан байгаа.