ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Их мэдэгч 

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-30

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн их мэдэгчийн дүрд хувирчээ. “Эрдэнэт” үйлдвэрийг “Стандарт” банкинд барьцаалсан хэрэгт холбогдох хүмүүсийг АТГ-аас баривчилж хорьсон билээ. Энэ хэрэгт холбоотой хүний нэг нь түүний аав Ч.Ганзориг билээ. Тэрбээр аавыгаа баривчлуулахгүйн тулд гишүүн бүрийн өрөөг хэсч, арга саам хайж явсны дүнд аав нь хэргээс түр ангижирсан. Тэгвэл  Г.Тэмүүлэн гишүүн  аавынхаа асуудлыг шийдвэрлэчихсэн учир төрийнхөө ажилд анхаарах болсон гэнэ.  

Тэрбээр “Аливаа улс орон үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашгийнхаа асуудлаар гадаад бодлогодоо нэгдмэл байдлаар хандах шаардлагатай.  Тухайлбал, Ерөнхийлөгч, Засгийн газар, УИХ нэг цонхны бодлогоор дуу нэгтэй байх ёстой. Учир нь тухайн улс орны эдийн засаг, аюулгүй байдал, бүрэн эрхт байдалтай шууд хамааралтай асуудал.  Аль нэг институцийн бодлого гэж байх ёсгүй. Тэгэхээр ШХАБ-ын хувьд Монгол Улс ажиглагчийн статустайгаар оролцоод 14 жил болж байна. Монгол Улс цаашид ШХАБ-ын идэвхтэй ажиглагч гишүүн байх болно  гэсэн ганцхан өгүүлбэрээр тодорхойлж ирсэн. ШХАБ-д элсэх манай гадаад бодлоготой нийцэхгүй” хэмээн мэдэмхийрчээ.