УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн юм. Мэдээллийн эхэнд тэрбээр "Өнгөрсөн долоо хоногт томилолттой яваад би байхгүй байсан. “Эрдэнэт”-тэй холбоотой асуудлаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийсэн байсныг нь би харсан. Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийг ил болгосон нь зөв. Тэр тэмдэглэл бол Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 09-ний өдрийн хуралдааных. Би тэр үед Аж үйлдвэр хариуцаж байсан сайдын хувьд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх бичгийг танилцуулсан.
Олон бичиг баримтыг ил болгохдоо “Ростех”-ийн захирлын бичгийг монгол хэл дээр орчуулалгүй нийтэд тараасан байна. Тэр бичигт яагаад төр энэ мөнгийг гаргах боломжгүй байсаны хариулт тодорхой байгаа. Бүр тодорхой хэлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг зарахын тулд төлбөрийн хугацааг ажлын 12 хоногоос доошгүй тогтоож байгаа шүү гэдэг өгүүлбэр захидалд бичсэн. Энэ 12 хоног бол хаалтын өдөр байсан. Энэ бичиг 2016 оны зургадугаар сарын 01-нд үйлдэгдээд Монгол Улсын Засгийн газарт ирсэн захидал. Ажлын 12 хоногийн хугацаанд Оросын зарах гэж байгаа “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголын төр худалдан авч чадах байсан уу, үгүй юу гэдэг асуудал үүссэн.
Бид нар мөнгө босгоод авчих байсан юм гэж ярихад амархан. Ярих, хийх хоёрын дунд асар их зөрүү бий. Засгийн газар үүнийг хэлэлцээгүй биш дотроо ярьсан. Үнэхээр дээрх 12 хоногийн хугацаанд санхүү, эдийн засгийн хувьд төр өөрөө худалдан авах боломжгүй байсан.
Мөн УИХ-ын ээлжит чуулган завсарласан байсан. Дараагийн УИХ бүрдэхэд үүнийг хэлэлцэх боломжтой байсан ч шууд улстөржилт рүү явуулсаныг үйл явц нь батална. Нэгэнт төр худалдаж авах боломжгүй учраас “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэдэг. Тиймээс Монголдоо “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдан авах улс төрийн шийдвэр зөв байсан гэдгийг би өнөөдөр хүртэл дэмждэг. Энэ бол Засгийн газраас гарсан хамтын шийдвэр. “Эрдэнэт”-ийн 49 хувийг хулгай гэдэг нь өөр асуудал. Оросын талаас санал болгосныг Монголын төр хэлэлцээд Монголд оруулж ирсэн нь хулгайн үйлдэл огт биш.
Энэ бол улс төрийн шийдвэр байсан.Тухайн үеийн Засгийн газар зөв шийдвэр гаргасан. Яагаад гэвэл өнөөдөр хүн бүхэн "Эрдэнэт" үйлдвэрийг харж байна. Өнөөдөр энэ үйлдвэр 100 хувь Монголын өмч болсныг хэн ч буруутгаж чадахгүй гэдгийг би ойлгож байна. Гагцхүү цаашдаа энэ үйлдвэр улс төрийн хэлээр биш эдийн засгийн хэлээр ажиллаасай гэж хүсч байна” хэмээлээ.