ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Т.Аюурсайхан: Швейцарийн тал С.Баярцогтын таван дансны мэдээллийг хүлээлгэж өгсөн

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-19

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өчигдөр Төрийн ордонд Сангийн сайд асан С.Баярцогтын Швейцарь дахь ам.долларын гурав, еврогийн хоёр дансны мэдээллийг авчирсан талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын дарга Г.Занданшатар Швейцарийн холбооны улсад албан ёсны айлчлал хийсэн байгаа. Айлчлал багтсан гишүүний хувьд, УИХ дахь оффшорын эсрэг бүлгийн ахлагчийн хувьд олон нийтэд тодорхой мэдээллийг хүргэсэн.

Энэ мэдээллийн дараа миний мэдэгдлийг үгүйсгэсэн, мушгин гуйвуулсан мэдээ маш их гарлаа. Ялангуяа энэ асуудлын талаар ямар ч ойлголтгүй, оролцоогүй, мэдлэггүй, үүрэггүй хүмүүсийн ташаа мэдээлэлд үндэслэж, зөрүүтэй мэдээ гарсан. Тийм учраас би зарим зүйлийг тодруулъя. Швейцарийн холбооны улсын талаас Монгол Улсын талд иргэн С.Баярцогтын “Credit Suisse AG” банк дахь ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт таван дансны дэлгэрэнгүй гүйлгээг хүлээлгэж өгсөн. Энэ мэдээллийг айлчлалын бүрэлдэхүүн Монголд авчирсан.

Энэ мэдээлэл холбогдох журмынхаа дагаа ГХЯ-аар дамжиж, АТГ-т хүргэгдэж байгаа.  Иргэн С.Баярцогтын нэр дээрх таван дансаар 2008 оны есдүгээр сарын 30-наас 2013 он хүртэл хийгдсэн гүйлгээ байна.  “Оюутолгой”-н гэрээ 2009 оны аравдугаар сард хийгдсэн. Иргэн С.Баярцогт энэ хугацаанд Сангийн сайд, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Тиймээс өөр олон эзэн холбогдогчтой байж магадгүй.  

Хуулийн байгууллага хуулиа биелүүлэхэд бидний зүгээс улс төрийн дэмжлэг үзүүлэх ёстой. Энэ утгаар УИХ дахь Оффшорын эсрэг бүлэг ажиллаж, Швейцарын холбооны улсын өмгөөллийн товчоо, холбогдох банканд удаа дараа хүсэлт илгээсэн. Тус улсын Гадаад хэргийн сайд 2008 оны дөрөвдүгээр сард манай улсад айлчлах үеэр нь биечлэн уулзаж, С.Баярцогтын дансыг Монгол Улсад хүлээлгэж өгөх хуулийн байгууллагууд ажлаа хийх боломжийг нь хангах чиглэлээр албан ёсны хүсэлт тавьж, араас нь хөөцөлдөж ажилласан. Дээрх мэдээллийг ил болгоход төрийн бус байгууллагуудаас мөн идэвх санаачилгатай ажилласан. Ялангуяа Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо анхнаас нь маш идэвхтэй оролцож ирсэн.

Би УИХ-ын дарга Швейцарын холбооны улс руу айлчлах айлчлалын бүрэлдэхүүнд орох саналаа өөрөө тавьсан. Хоёр зорилгоо хэлсэн, С.Баярцогтын дансны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзах зорилготойгоор явах хүсэлтээ илэрхийлж, УИХ-ын дарга ойлгож, дэмжсэн.  Одоогоор С.Баярцогтын дансны гүйлгээний нарийн мэдээллийг өгөх эрх надад байхгүй. Ямар ч хүн мэдээлэл өгөх эрхгүй байдаг.

Энэ талаар надаас маш олон хүн асууж байгаа. Хэд орсон юм, ямар хүмүүсийн нэр холбоотой байна гэх мэтээр. Энэ бол зөвхөн иргэн С.Баярцогтын, “Оюутолгой”-н асуудал биш. Цаашаа лавшруулаад өөр олон эзэн холбогдогч байх магадлалтай чухал ач холбогдол бүхий ноцтой асуудал. Тийм учраас хэн оролцсон бол, Т.Аюурсайхан ямар хэмжээний мэдээлэлтэй байна гэж тандах зорилгоор “Дансны хуулга авчирсан гэдэг нь худлаа. Чаддаг юм бол хуулгыг нь гаргаад тавьчих. Мэдээлэл аваагүй, авсан бол орсон, гарсан дүнг нь хэл” гэх маягтай зүйл яриад байгаа. Тийм зүйлд автахгүй ээ. Би мэдээлэл өгвөл хууль зөрчсөн үйлдэл болно. Нарийвчилсан мэдээллийг АТГ-аас авч болно” хэмээлээ.