УИХ дахь АН-ын Зөвлөл өнөөдөр хуралдаж, цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл өглөө. Зөвлөлийн хурлаар С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулж буй асуудал болон УИХ-ын чуулганаар хэлэлцэх Нийгэм эдийн засгийн 2018 оны үндсэн чиглэлийн биелэлтэд анхаарлаа хандуулжээ.
Д.Эрдэнэбат дарга хэлэхдээ “2018 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг УИХ дахь АН-ын зөвлөл хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргалаа. Нийт 136 төсөл арга хэмжээний биелэлт өнөөдрийн байдлаар 32.3 хувьтай л явж байна.
УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусахад жил гаруйн хугацаа үлдсэн байна. 32.3 хувьтай хэрэгжүүлсэн нь үнэндээ хангалтгүй. Макро эдийн засгийн түвшинд хийгдсэн ажлууд нь хангалтгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд МАН сандал суудал, эрх мэдлийн төлөө л хэрэлдлээ. Дуулиантай том, том хэргүүдийг дандаа тойрч өнгөрсөн. Цаана иргэдийн ахуй амьдрал, Монгол Улсын нийгэм эдийн засгийн салбарт асар их хохирол гарлаа.
Үндсэн чиглэлийн ерөнхий байдлыг харахад эдийн засгийн бодлогын асуудлаар эрх баригчид ажил хийсэнгүй. Инфляцийн түвшинг 8 хувиас дээш гаргахгүй гэсэн ч Улаанбаатар хотын хэмжээнд 9.7 хувь гарчихаад байна. Эдийн засгийн өсөлт байгаа гэж үзсэн ч инфляцийн түвшин буурахгүй байна өсөж байгаа. Энэ нь өөрөө ард иргэдийн худалдан авах чадварт нөлөөлж байгаа юм. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдлээ. Шатахууны үнэ өсөх нь хэвийн үзэгдэл боллоо. Хаврын чуулганаар бид эдийн засгийн өсөлтийг голлож ярина. Ялангуяа эрх баригчдын амлалтыг сануулна. Банк дампууруулж, улсын үйлдвэрийн газрыг завшдаг асуудал хэрээс хэтэрлээ. Үйлдвэржилтийг дэмжиж, ЖДҮ-ийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ гэсэн ч эсрэгээрээ явчихлаа. ЖДҮ-г зохион байгуулалттай хувааж идсэн хэргийг хэрэгсэхгүй болгох асуудал яригдаж эхэлсэн байна. Уул уурхайн том төслүүд цаашдаа явах эсэх нь тодорхойгүй байгаа. Том бүтээн байгуулалтын ажил зогсчээ” гэв.
УИХ-аас С.Зориг агсны хэргийг шалгах түр хороо байгуулахыг зөвлөлийн гишүүд дэмжсэн аж. Гэхдээ эрүүдэн шүүсэн гэх асуудал нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үнэн ч гэсэн энэхүү дуулианы ард хэргийг замхруулах, будилуулах вий гэсэн болгоомжлол байгааг хэлж байлаа. Эрүүдэн шүүсэн этгээдүүдтэй хариуцлага тооцно гэх үндэслэлээр хэргийг замхруулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэв. Хэрэг гурван үе шаттай бөгөөд захиалагчийг зайлшгүй олмоор байна хэмээлээ. Тиймээс түр хорооны ажлын хэсэгт орсон гишүүдээрээ дамжуулж, зөвлөлөөс гаргасан санал дүгнэлтээ хүргүүлэхээр болжээ. Ардын намын бүлэг цөөн хэдэн асуудлаар дуулиан шуугиан үүсгээд ардуур нь хулгайгаа нууж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ УИХ дахь АН-ын зөвлөлөөс мэдэгдлээ. Үүнээс гадна ганцхан эрх баригчтай Их хурал Үндсэн хуулийг өөрчлөхийг дэмжихгүй гэлээ.