ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хуучны найзуудын харилцааг шинэ шатанд гаргасан айлчлал

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-04-25

-Ерөнхийлөгч Х.Баттулгын анхны төрийн айлчлалын хүрээнд 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй төрийн айлчлал хоёр өдөр үргэлжилж,  өчигдөр өндөрлөлөө. Өнөөдрөөс “Бүс ба зам” уулзалт эхлэх юм. Тэрбээр анхны төрийн айлчлалаа урд хөрш буюу БНХАУ-аас эхлүүлсэн нь энэ юм. Айлчлалын эхний өдөр буюу өнгөрөгч лхагва гарагт Ерөнхийлөгчид БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх талаар байр сууриа илэрхийлсэн юм. 

Тэгвэл өчигдөр БНХАУ-ын Ардын Их хурлын өмнөх талбайд ноён Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгыг угтан мэндчилэв. Хүндэт харуул жагсаж, ёслол төгөлдөр угтсаны дараа Ерөнхийлөгч Х.Баттулга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Энэ үеэр Ши Жиньпин дарга “Ноён Х.Баттулга тантай гурав дахь удаагаа уулзаж байна. Бид одоо хуучны найзууд болсон. Хятад, Монгол хоёр улсын тухайд уул, усаар холбогдсон найрсаг харилцаатай хөрш орнууд. Хоёр улсын харилцаа олон улсын түвшинд жишиг болохуйц харилцаа юм. Таны энэ удаагийн айлчлалаар хоёр улсын харилцаа шинэ түвшинд гарна гэж итгэж байна” хэмээгээд энэ жил найрамдалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчилсний 25 жил, Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буйг онцолсон юм. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “БНХАУ-ын дарга Ши Жиньпин таны урилгаар төрийн айлчлал хийж, таны санаачилсан “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны хуралд оролцож, хоёр улсын болон олон улсын бүс нутгийн хамтын ажиллагааны санал солилцож байгаадаа баяртай байна. Энэ онд хоёр улсын хувьд хоёр ч том түүхэн ой тохиож буй түүхэн онцлог жил болж байгаа. Энэхүү түүхэн ойн жил тантай гурав дахь удаагаа уулзаж, 70 жилийн хамтын ажиллагаанд хүрсэн ололт, амжилтаа дүгнэж байна. Мөн цаашдын зорилт чиглэлээ тодорхойлоход бидний энэ уулзалт, хоёр орны хувьд ач холбогдолтой гэж үзэж байна. Хамтдаа бүтээж, харилцан ашигтай хамтдаа хөгжих, хамтдаа үр ашгаа хүртэх уриан дор болж буй “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалт үр дүнтэй болно гэдэгт найдаж байна. Амжилт хүсье” хэмээлээ. Хоёр улсын Төрийн тэргүүнүүд үргэлжлүүлэн хоёр улсын төрийн албан тушаалтнуудын хамтын ажиллагааны албан бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов. Тухайлбал, 

-Хятад, Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөнд /Монгол Улсаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар/

-“Бүс ба зам санаачилга” хөгжлийн хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх хоёр улсын Засгийн газрын хооронд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, Хятад, Монголын үзэсгэлэн хамтран зохион байгуулах тухай /Бүх Хятадын улс төрийн зөвлөл дэх Их хурлын дарга, Үндэсний хөгжил шинэчлэлийн хорооны дарга Хө Липөн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хятадын Худалдааны сайд Жун Шан болон Монголын ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан/ 
-Хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах ажлыг эхлүүлэх тухай хоёр улсын санамж бичиг -Хоёр улсын гаалийн хэлэлцээрийн санамж бичиг /Монголын талаас Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт/ 

-Эдийн засгийн техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр 

-Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх /Монголын талаас Зам тээврийн хөгжлийн сайд/ 

-Хоёр улсын хоорондын авто­тээврийн хэлэлцээрт тус тус гарын үсэг зурлаа. 

...Хоёр улсын Төрийн тэргүүний хэлэлцээ болон гарын үсэг зурах ёслолд Монголын талаас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БНХАУ-д суугаа Элчин сайд Д.Ганхуяг, Монгол-БНХАУ-ын парламентын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Шадар сайд Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Дэлгэрсайхан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх нарын албаны хүмүүс байлцлаа.

1500 гаруй ажлын байр бий болгох төмөрлөгийн үйлдвэр ашиглалтад орно 

Хоёр өдөр үргэлжилсэн төрийн айлчлалын үеэр хоёр улсын хувийн хэвшлийн салбарынхан цөөнгүй баримт бичигт гарын үсэг зурав. Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд шууд нөлөө үзүүлэх энэхүү баримт бичигт төрийн оролцоо байхгүй бөгөөд хувийн хэвшил хамтарч хэрэгжүүлнэ гэдгээрээ онцлог юм. Хувийн хэвшил хооронд зурагдсан гэрээнүүдээс онцолвол, 

-Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр

-Монгол Улсад “Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын “Эрдэнэс Стийл” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээр

-Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай болон цахилгаан станц байгуулах төслийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай Монгол Улсын “Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК болон БНХАУ-ын Синостийл Экүйпмэнт энд Инженерийн (SINOSTEEL) ХК хоорондын гэрээ

-Монгол Улсын “Гангар инвест ХХК” болон БНХАУ-ын “СAMC Инженеринг Чайна” ХХК хоорондын “Шинэ амгалан хорооллын төсөл” хэрэгжүүлэх гэрээ

-Шинэ дэлхий холбоо болон Мазаалай хамгаалах сан хоорондын хамтын ажиллагааны гэрээ гээд нийтдээ 10 орчим гэрээнд гарын үсэг зурав. Өмнө хэлсэнчлэн эдгээр төслүүд хувийн хэвшил хооронд хэрэгжих ч Монгол Улсын нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой юм.

Тухайлбал, Сайншанд, Чойрт кокс гангийн үйлдвэр барих гэрээг түлхүүр шилжүүлэх нөхцөлтэйгөөр байгуулсан “Эрдэнэс Стийл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Батболд “Манай компани 50, 50 хувийн эзэмшилтэй байгуулсан төр- хувийн хэвшлийн хамтын компани. ТЭЗҮ баталгаажсан, энэ жилээс ажлаа эхэлж, 2021 онд ашиглалтад оруулна. Олон улсад нэр хүндтэй “Ай Си Би Си” банк 292 сая ам.долларын хөрөнгө гаргана.

1500 ажлын байр бий болгоно. Жилд хагас сая тонн миталлургийн кокс, 300 мянган тонн ган төмөрлөг түүн дотроо арматур, лист төмөрлөг, ган бөмбөлөг гаргана. Цаашдаа 10 сая тонн хүртэл ширмэн болон бусад бэлдэц төмрийг үйлдвэрлэж экспортод гаргана. Жилд 250 сая ам.долларын төмөр буюу Монгол Улсын экспортолж авдаг төмрийг гаргана. Нарийн төмөрлөгийн үйлдвэрлэл болон машин тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хөгжих суурь бааз бий болно.

Хямд өртөгтэй орон сууцтай болох цаашлаад зам дэд бүтэц, усны дэд бүтцийг дотооддоо үйлдвэрлэдэг болох зорилго тавьж байна” гэв. 300 МВт хүчин чадал бүхий Бөөрөлжүүтийн цахилгаан станц мөн л эрчим хүчний өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээний зөрүүг хангахаас гадна эрчим хүчний системд нийцтэй техникийн шийдэлтэй аж. Төв аймгийн Баянжаргал сумын нутагт Бөөрөлжүүтийн талд ажил энэ жил эхлэх аж. ТЭЗҮ бүрэн дуусч, ажлын зураг эхэлсэн бөгөөд төмөр зам, эрчим хүч, дэд бүтэц зэрэг дагалдах бүтээн байгуулалт их хийнэ гэлээ. Төслийг 600 орчим сая ам.доллароор хэрэгжүүлэх бол цахилгаан станцыг 420 сая ам.долларт барина гэлээ. 

З.Энхболд: Асар богино хугацаанд их ажил амжууллаа 

Айлчлалын бүрэлдэхүүнд явсан ЕТГ-ын дарга З.Энхболд хоёр хоногийн айлчлалыг асар богино хугацаанд асар их ажил амжуулсан айлчлал боллоо хэмээн дүгнэв. Тэрбээр, “Бээжин хот завгүй байна. Зургаан том айлчлал ирсэн байна. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр төрийн болон хувийн хэвшлийн хэрэгжүүлэх 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурлаа. Төрийн салбаруудаас гадна хувийн хэвшил хоорондоо хэрэгжүүлэх том төслүүдэд гарын үсэг зурсан.

Энэ нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн амьдралд маш чухал төслүүд юм. 10 сая тонн төмөрлөг үйлдвэрлэх гангийн үйлдвэр хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд баригдах нь. Мөн Хөшигтийн хөндийд 10 МВт цахилгаан станц баригдана. 300 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станцыг хувийн хэвшил Бөөрөлжүүлтийн талд барина. Хоёр улсын махны экспорт Чиндаогийн уулзалтын дараа нэмэгдэж байсан. Гэсэн ч өвчин гараад хориг тогтоосон. Энэ талаар судлах ажлын хэсгийг Монгол руу явуулна гэж байна. Мөн гурил болон сүү, бусад хүнсний бүтээгдэхүүний манай улсын эскпортыг нэмэгдүүлэх ажлын хэсэг явуулна гэсэн.  

Энэ жил олгох тусламжийн мөнгөөр Буянт-Ухаа спорт цогцолборын хажууд баригдах Азийн хүүхдийн спортын их наадам болон Зүүн Азийн олон төрөлт спортын наадмыг хүлээж авах барилга байгууламжийн дутагдаж байгаа хэсгийг хийх манай талын саналыг тавилаа. Өвлийн спортын ордон баригдах гэж байгааг та бүхэн мэдэж байгаа шүү дээ” гэв. Мөн энэхүү уулзалтаар нүүрсний экспортоос гадна Ханги-Мандалаар шинэ төмөр замаар холбогдох санал тавьжээ. Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцож, дээд түвшний төлөөлөгчдийн дугуй ширээний уулзалтад оролцоно. Энэхүү чуулга уулзалтад гаруй орны төр засгийн тэргүүн болон Ерөнхий сайдууд иржээ.