ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

О.Баасанхүү: АН-ыг бүлэгтэй болгож, сөрөг хүчнийг хүчтэй ажиллуулна 

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-09

УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд орж, бүлэгтэй болгох гэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тэрбээр тайлбар хийлээ. Гишүүн О.Баасанхүү “Би өнөөдөр АН-ын зөвлөлийн даргад албан бичиг хүргүүлсэн.  АН-ын Зөвлөлтэй хамтарч ажиллаж, 8 гишүүнтэй бүлэгтэй болгож, хүчтэй сөрөг хүчин байлгая гэсэн утга бүхий бичгийг өгсөн. УИХ-ын тухай хуулийн 7.1-т УИХ-ын гишүүн нам, эвслийн бүлэгт нэгдэж болно гэж заасан байдаг байдаг. Тийм учраас бид намаасаа гаралгүй, МАХН-ын гишүүн хэвээрээ байж, АН-ыг бүлэгтэй, хүчтэй сөрөг хүчин байлгахын тулд хамтарч ажиллах гэж байгаа юм.

Ингэж хамтарч ажиллах шалтгаан байна. Нэгдүгээрт, УИХ-д Үндсэн хуулийг өргөн барьчихсан байгаа. Үндсэн хуулийг өргөн барьсан тохиолдолд УИХ-д суудалгүй намуудын зүгээс Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлсэн. Үндэсний зөвшилцөх зөвлөл байгуулах хүсэлт хүргүүлсэн юм.   Сөрөг хүчин сул байгаа учраас Ерөнхийлөгчид УИХ-д суудалгүй намууд хандлаа гэж ойлгосон. Тиймээс УИХ-д хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Хоёрдугаарт, иргэд 2016 оны сонгуулиар саналаа өгсөн.

Тэгэхдээ МАН-д 65 суудал өгч, Үндсэн хууль өөрчлөх эрхийг өгсөн юм.  Гэвч намууд сонгогчдоо сонсохгүй байна. МАН Үндсэн хуулиа өөрчлөхдөө ард түмнээсээ асуухгүй байгаа.  Харин АН хүчтэй сөрөг хүчин байх ёстой байтал бүлэггүй болоод, үүргээ гүйцэтгэж чадахгүй байна. Тиймээс бид нэгдэж, сөрөг хүчин болж, нэгдсэн байр суурь барих ёстой” хэмээлээ.