ЕБС, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээнд тавих шаардлагыг хэлэлцэн дэмжлээ

O.Admin
2023-05-04

Монгол Улсын хэмжээнд 2022-2023 оны хичээлийн жилд нийслэлд төрийн болон төрийн бус өмчийн 859 ерөнхий боловсролын сургуульд 717.451 суралцагч, 1413 цэцэрлэгт 232.203 хүүхэд хамрагдаж байна. Улсын хэмжээнд нийт 43 багийн сургуульд 9-760 сурагч суралцаж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10.2.2.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд заасны дагуу боловсруулж, батлуулах, 10.2.4.сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрхэд тусгасан зохицуулалттай.

Энэхүү стандартыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хамрах хүрээг өргөтгөж, “Ерөнхий боловсролын сургууль, дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулан батлуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 2021 оны А/75 дугаар тушаалаар байгуулж, үндэсний стандартын төслийг боловсруулсан байна.

Стандартын хамрах хүрээг өргөтгөх энэ ажлын хүрээнд хоол үйлчилгээний хууль, эрх зүйн орчны судалгаа /МУИХ-аас баталсан 9 хууль, 2 тогтоол, Засгийн газрын 5 тогтоол, холбогдох байгууллагаас баталсан 16 тушаал шийдвэр, дүрэм журам,  22 стандарт, норм нормативийг нэгтгэн судалгаа хийгдсэн байна. Мөн гадны улс АНУ, ОХУ, Япон зэрэг орнуудын стандартын орчуулга, туршлага, судалгаа орсон байна.

Ажлын хэсэг стандартын төслийг хянан сайжруулах, хэлэлцэх чиглэлээр хэд хэдэн удаагийн хурлыг холбогдох төлөөллүүдийг оролцуулан өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж, яамны холбогдох газар, хэлтэс, ХХААХҮЯ, ЭМЯ, МХЕГ, Боловсролын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, мэргэжлийн их дээд сургууль, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагаас санал авч, нэгтгэн сайжруулсан байна.

Стандартын төсөлд 2023 оны 1-2 дугаар сард гарааны нөхцөлийн урьдчилсан үнэлгээ хийгдсэн байна. Үнэлгээнд 11 аймгийн 204 ерөнхий боловсролын сургууль, 82 дотуур байр, 281 цэцэрлэг, нийслэлийн 5 дүүргийн 54 сургууль, 40 цэцэрлэг, нийт 258 сургууль, 82 дотуур байр, 321 цэцэрлэг хамрагджээ.

Стандартын урьдчилсан үнэлгээгээр ерөнхий боловсролын сургуулийн хоолны газар 57,5 хувь, дотуур байрын хоолны газар 55,0 хувь, цэцэрлэгийн гал тогоо 72,5 хувиар хангасан үзүүлэлттэй дүгнэгдэж, стандартын дундаж үнэлгээ 61,7 хувиар шаардлага хангасан үзүүлэлттэй дүгнэгдсэн байна.

Стандартын төслийг боловсруулан 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Техникийн хорооны хурлаар хэлэлцэн дахин боловсруулалтад буцсан бөгөөд гишүүдийн саналыг тусган дахин боловсруулсан төслийг хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны хурлаар 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дахин хэлэлцэж дэмжлээ.

Энэ стандартыг баталсанаар сургууль/дотуур байр, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний төлөвлөлт, зохион байгуулалт, барилга байгууламж, тоног төхөөрөмж, хоол үйлдвэрлэлийн технологи, үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн ажилтанд тавих шаардлага тодорхой болох юм.

Энэхүү стандартыг үндэслэн сургууль, цэцэрлэгийн хоолны газрыг шинээр барих, төлөвлөх, зохион байгуулах ажил хийгдэх хэрэгцээ, шаардлага болон стандартын гарааны нөхцөлийн урьдчилсан үнэлгээнд үндэслэн стандартын мөрдөх хугацааг 2024 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх  саналыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ирүүлсэнийг техникийн хорооноос дэмжсэн.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас стандартын хэрэгжилтийг хангуулах, бэлтгэл ажлыг хангах чиглэлээр  2023 оны төлөвлөгөөнд батлагдсан стандартыг сурталчлан таниулах, салбарын болон холбогдох хяналтын байгууллагатай хамтран нарийвчилсан үнэлгээ хийж, шаардагдах төсөв, санхүүжилтийг улс болон орон нутгийн төсөвт тусган үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ гэж тооцсон бөгөөд стандартыг хэрэгжүүлэхэд туслах гарын авлага, зөвлөмжийг боловсруулж, хэрэгжилтийг хангуулж ажиллах юм байна.