ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Энхсайхан шоронгийн пиарыг А үнэлгээтэй хийлээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-07-07

Цагтаа Ерөнхий сайдаар ажиллаж байсан, сүүлд Монгол Улсын сайд гэсэн цоо шинэ албан тушаалаар “шагнуулж” явсан М.Энхсайхан хорих 461 дүгээр ангиар “шагайгаад” гарсан.  Жаахан давсалбал, орж өрөөг нь харж, үнэрийг нь үнэрлэж, төмөр хаалганых нь чахрах чимээг сонсчихоод, хоолноос нь амсчихаад гарч ирсэн.

Дарга хийж, эрх ямбад умбаж, зөөлөн суудалд тухалж, нэг хэсэг хүний эрх ашгийн төлөө зүтгэж явсан хүний хувьд бүхэл бүтэн 24 цаг шоронд хоригдоно гэдэг эрх чөлөөгөө үүрд хасуулсан юм шиг мэдрэмж төрдөг бололтой. Гарч ирээд бараг л бүтэн нүүр сурвалжлага биччихсэн байна билээ. Сэтгүүлч болох авьяастай юм гээч. Бас өндөр дээд албан тушаалтнуудад зориулсан шоронгийн пиарыг А үнэлгээтэй хийжээ.  

Хоолны чанар, хүртээмжийг харин ч нэг сайхнаар дүрсэлсэн байна билээ. “Надад бол ихдэхээр орцтой хоол өгдөг юм байна” гэж бичээд л хорих төвийн хоолны хэмжээ ямар ихийг сурталчлав. Мөн хорих төвийн эмч нарын хараа хяналт, анхаарал халамж нь маш сайныг нүдэнд харагдтал бичиж. Дээрээс нь харуул хамгаалалт, камержилт, унших ном өгдөг гээд хорих төвийн аюулгүй байдал, тав тухыг ч пиардсан байсан.

М.Энхсайхан дарга ухаантай хүн юм. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс хорих анги руу ачигдвал тав тухтай, үйлчилгээ, хоол сайтай тул санаа зовох, айх хэрэггүй хэмээн маш сайхан сурталчиллаа.  Монголд хууль завхруулсан, хууль бусаар хөрөнгөжсөн, авлигыг цэцэглүүлсэн олон албан тушаалтан байгааг хүн бүр мэддэг. Тэдний хэргийг шалгаж, түрүүчээс нь шүүхэд шилжүүлсэн. Эхнээсээ мөрдөн рүү ээлж ээлжээр ачигдах байх. Тэднийхээ сэтгэл санааг сайхан өргөж өглөө. Ухаантай хүн арай л өөр байдаг юм байна.