ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

УИХ дахь АН-ын бүлэг хувьчлалын асуудлыг хэлэлцжээ

O.Admin
2018-06-11

 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр  хуралдаж, “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.  УИХ дахь Ардчилсан намын бүлэг уг асуудлаар өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан байсан юм. Тэгвэл өнөөдрийн хуралдаанаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор, ЗТХ-ийн дэд сайд, Монгол банкны, Хяналт шалгалт газрын хэлтсийн захирал Ё.Мөнхбат, Хадгаламж даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ зэрэг албаны хүмүүсийг сонсож мэдээлэл солилцсон аж.

Улмаар Мэдээлэл холбооны сүлжээ, Монгол шуудан, Хөдөө аж ахуйн бирж, МИАТ, Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк зэрэг төрийн өмчийг хувьчлах асуудлын талаар бүлгийн нэгдсэн дүгнэлтийг уг асуудлыг хэлэлцэх үеэр танилцуулахаар болсон юм.

Мөн бүлгийн хурлаар Татварын багц хуулийн төслүүдтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулав. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан ажлын хэсгийн мэдээллийг сонссон байна.