ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ченжүүд минь, Ч.Улаан сайдыг өрөвдөөрэй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-20

Улсын онцгой комиссын хурал өчигдөр болж, Ерөнхий сайд оролцсон. Тэрбээр хурлын үеэр “Ирэх хавар мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд толгойгоороо хариуцаарай” хэмээн лүндэн буулгасан. Ингээд нэг сайд толгойгүй болжээ, хөөрхий. Хятадууд мал их хэмжээгээр авч, махны үйлдвэртээ дулааны аргаар махыг нь боловсруулаад, урагш нь гаргаж байгаа. Махны үнэ буурах янз лав алга. Сайдтан энэ намар нөөцийн махыг толгойгоо алдахгүй хэмжээнд бэлтгэж, ирэх хавар нийслэлийн иргэдээ башийлгахын төлөө зүтгэх байх.

Гэвч гурил, хүнсний ногооны үнэ ч тэнгэрт хадахгүй байхаасаа өнгөрсөн. Хамаг тариа, ногоог Сэлэнгэ, Дархан орчимд тарьж байгаа. Улаанбаатар хот руу оруулж ирдэг гол зам нь засвартай, түр зам нь аваартай. Тэр тамын замаар нь яст мэлхийн хурдаар явж, тариа, ногоогоо Улаанбаатарт авчрахад хэцүүхэн л байх. Цаг хугацаа, шатахуун түлшнээс авахуулаад хэцүүхэн байх нь ойлгомжтой. Тийм болохоор гурилын үнэ тэнгэрт хадахгүй гэх баталгаа байхгүй. Замыг нь барьж чадахгүйгээс хөдөө аж ахуйн сайд толгойгоо гурилын оронд ард түмэнд өгч л таарах нь, одоо яая гэхэв.

Гэхдээ манай тариаланчид, махны ченжүүд нэг ч болов монгол хүнийг толгойтой байлгахын тулд үнэ ханшаа битгий их нэмээрэй. Малчид ч гэсэн малынхаа үнийг нэмэхгүйг хичээгээрэй. Тэр дундаа Сүхбаатар аймгийнхан Ч.Улаан сайдаа бодоод, малаа, махаа хямдхан зараарай.  Хөөрхий минь, олон жил төрд зүтгэж, олон ч салбарын сайдын суудалд суусан. Одоо хэчнээн удаан л төрд ажиллаж, түмний төлөө зүтгээ аж. Удахгүй тэтгэвэртээ гарахын хооронд толгойг нь бүтэн үлдээе дээ. Ерөнхий сайдын “сэлэм”-ний ир ойрд их хурц байгаа. Мах, гурилнаас болж нэг сайдынхаа толгойг “юу яаалгуулаад” яах вэ дээ.