ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чиндаог зорьсон шалтгаан

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-06-13

Ерөнхийлөгчийн ажлаа авс­наас хойш 11 сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шанхайн хамтын ажил­лагааны гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн зөв­лө­лийн хуралд оролцоод ирлээ.

Ингэснээр хоёр дахь том айлчлалаа хийсэн гэсэн үг. Бүс нутгийнхаа хөгжил, аюулгүй байдлаас гадна нийгэм, соёл хүмүүнлэгийн салбарт хийж буй ажлаараа бүс нутагтаа төдийгүй дэлхий дахинд танигдаж буй ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтад явсан учраас Ерөнхийлөгчийн үг үйлдэл олон талаар хүлээлт үүсгэж, мөн багагүй таамаг, маргаан мэтгэлцээн өрнөлөө, өнгөрсөн хугацаанд. Одоо ч хэлэлцүүлэг өрнөсөн хэвээр байна. Харин Ерөнхийлөгч энэ уулзалтаас өөртөө нэмэх оноо авч чадсан юм. Хоёр сайдаа дагуулсан богино хугацааны томилолтын гол мессежээ ч олон нийтэд ойлгуулж чадав. Нөгөөтэйгүүр, Гадаад харилцааны яам, ЕТГ-ын баг, Элчин сайдын яам харилцан ойлголцож, ажиллаж чадсан учраас энэхүү айлчлалын үр дүн олон нийтээс нэмэх оноо авах шалтгаан болсныг онцлох нь зүйн хэрэг.

Ерөнхийлөгч ШХАБ-д оролцох нь гэх яриа гарч эхлэхтэй зэрэгцэн олон нийтийн зүгээс янз бүрийн таамаг өрнүүллээ. ШХАБ-д элсүүлэх нь гэх яриа ч санаатай, санамсаргүй хүчээ аван тархаж, түүнийг Чиндао хотыг зорьсны дараа ч монголчууд ийм хүлээлттэй үлдэж байлаа. Гэвч Х.Баттулга Ерөнхийлөгчийн мессеж, Чиндаог зорьсон шалтгаан өөр байжээ. ШХАБ-д элсэх тухайд “Тусгаар тогтносон улс учраас өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнөж, улс нийтээрээ ярилцаж байж шийднэ” гэсэн товчхон хариултыг өгч эцэс төгсгөлгүй өрнөж байсан маргаанд цэг тавьж орхив. Нөгөө талаас, ШХАБ хамтдаа хөгжих, харилцан бие биедээ туслах, эдийн засгийн цар хүрээ нь илүү товойж гарсан хүчирхэг бүлгэм болсныг улсаараа харж, бас мэдэрлээ. ШХАБ дэлхийн анхааралд оржээ.

Тэд бүс нутгаараа хөгжихөөр чуулж байгааг бас мэдрэв. Ерөнхийлөгч Чиндаод болсон уулзалтын индрээс зорилгоо товч бөгөөд тодорхой илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хоёр том гүрнийг холбох эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулахад ШХАБ-ын гишүүн найман орон, тэр дундаа БНХАУ, ОХУ-ын дэмжлэг чухал байгааг хэлсэн юм. Хоёр их гүрний удирдагчтай гурван талт уулзалт хийхдээ ч ирсэн зорилгоо маш товчхон хэлчихэв. Тэр анхаарлын төвд байж чадсан юм.

Гурван хөршийн олон жил ярьж буй “Эдийн засгийн коридор байгуулах” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах цаг болсныг олныг нуршихгүйгээр онцолж, гарц гаргалгааг ч хамтдаа эрэлхийлэх шийдэл ярив. Энэ л түүний Чиндаод тээж очсон чин хүсэл, индрээс онцлохыг хүссэн гол мессеж байжээ. Нөгөө­тэй­гүүр, Монгол, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалтаас гад­на ОХУ-ын Тө­рийн тэргүүнтэй уул­­зах­­даа бай­га­лийн  хийн хоо­лойг Мон­голын нутгаар дам­жуу­лахыг “дэмжинэ” ганцхан үгийг унагаж чадлаа. Энэ олон жил хэн ч түүний амнаас энэ үгийг унагаж чадаагүй юм. БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс ажил хэрэгч ан­хаа­рал татсан са­нал тавьсан гэх оноо авав. Ши дар­га ч Х.Бат­тул­га­тай дөрвөн жил уулзах энэ уул­зал­тууд шинэ цикль байх болно гэд­гийг онцолж, илүү өргөн хүрээнд хам­тарч ажиллахаа онцол­лоо. Нэг үгээр хэлбэл, гурван улсын тухайд зөвхөн яриа хэлцэл байсан бүхэн шинэ цикль эргэсэн ирэх жилүүдэд ажил болно гэдгийг Ши дарга үгэндээ онцолж, түүнтэй нээлттэй, харилцан ашигтай, хэн хэнийхээ язгуур эрх ашгийг хүндэтгэн хамтарч ажиллахад бэлэн гэдгээ хэлсэн юм. Үүнээс өөр юу хүлээх билээ. Ерөнхийлөгчийн хэлсэн саналыг онцолвол: 

-Эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлэх
-Төмөр замын төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, хос зам барих, цахилгаанжуулах төсөл
-Азийн автозамын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих төслийг ажил хэрэг болгох
-Гурван улс хамтран аялал жуулчлалыг хөгжүүлэх. “Цайны зам”-ыг сэргээх талаар гурван тал анхаарч ажиллах 
-2019 онд болох “Silk Way” авто замын уралдааныг Монголын нутгаар дайруулан өнгөрүүлэх асуудалд хоёр хөршийн тэргүүн анхаарал хандуулж өгөх
-Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг орос, хятадын талууд хүлээн авч, нааштай хандана гэж найдаж байна хэмээв. Ерөнхийлөгч зорилгодоо хүрч чадлаа. Ажлаа авсны дараахан тэрбээр ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн форумд оролцохдоо Их гүрний удирдагч В.Путинтай транзит тээвэрт хөнгөлөлт эдлэх, “Восточный” боомтоор нүүрс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ гуравдагч орнууд ру гаргах санал тавьж байлаа. Харин тэр үед олон хүн үгүйсгэж, бараг л мөрөөдлөө ярьчихаад ирлээ хэмээн шоолж байлаа. Гэвч түүний яриа жил ч болохгүй ажил хэрэг болсон. Өнгөрөгч долоо хоногт бид түүхэн үйл явдлын гэрч болж, 25 жил ОХУ-ын нутаг болон төмөр замаар Монгол Улс транзит тээвэр хийхдээ хөнгөлөлт эдлэх гэрээг зурлаа. Мөн “Восточный” боомтоор тээвэрлэлт хийх ажил ч эхэлж байгаа. Тэр хоосон ярьдаггүй хийдэг юм байна.