ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

АН-ын зөвлөл: Гишүүдийн тоог 108 болгож, холимог тогтолцоогоор сонгох саналыг дахин оруулна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-23

АН-ын зөвлөл хуралдаж, Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн зөвшилцлийн асуудлаар мэдээлэл байна. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Бидний хүргүүлсэн саналд нийт 18 саналын наймыг нь хүлээж авах боломжгүй гэж ажлын хэсэг албан ёсоор мэдэгдсэн. Татгалзаж байгаа шалтгаанаа өргөн баригдсан төсөлд тусгагдаагүй зүйл заалт байна гэсэн тайлбарыг хэлж байгаа. Сонгуулийн тогтолцоо, төрийн татвар, эдийн засаг, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдалд өгсөн саналыг хүлээж авах боломжгүй гэж байгааг бид хүлээж авахгүй. Өнөөдөр ажлын хэсэг хуралдах юм байна. Бид ажлын хэсгийн хуралдаанд орж саналаа дахин танилцуулна. АН ч гэсэн зарчмын байр сууриа ард нийтийн эрх ашгийн төлөө илэрхийлнэ. Тиймээс зарим нэг зайлшгүй онцгой зүйл заалтыг бид хамгаалж үлдэх шаардлагатай. МАН-ын бүлэг гишүүдийн тоо 99 болгож, ингэхдээ сонгуулийг ямар хэлбэрээр явуулах вэ гэдэг тогтолцооны асуудлыг хасаж оруулж ирсэн байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 76 гишүүн жижиг тойргоос сонгогдож байгаа. Гэтэл эдгээр гишүүдийн нэр хүнд, нэгдсэн бодлого явуулах чадвар хариуцлага нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй байна. Бид анхнаасаа Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжиж байгаа. Өнөөдөр ч энэ байр суурь дээрээ байгаа. Тоог нь нэмье гэж байгаа бол  108 болгож, 50:50 тогтолцоогоор гишүүдийг сонгодог байхыг дэмжиж байгаа. Ингэснээр пропорционал тогтолцоо нь улсын хэмжээний бодлогыг тодорхойлогч нар байна. Үүнтэй холбоотойгоор намын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж,намын бодлого төрд тусахад онцгой хувь нэмэртэй гэж үзэж байгаа” гэв. 50 мянган хүний гарын үсэг цуглуулж байж нам байгуулах заалтыг бил дэмжиж байгаа. Төрийн бодлогод оролцох нам байхын тулд нийт хүн амын нэг хувьтай тэнцэх хүмүүсийн босгыг давах нь зөв. Бид энэ асуудлаар өнөөдөр ажлын хэсэгт дахин санал тавина” гэлээ. Харин АН-ын дарга С.Эрдэнэ хэлэхдээ “МАН-ын бүлгийн шийдвэрээс харахад сонгуулийн тогтолцооны асуудлыг орхисон байна. Тогтолцооны асуудлыг сонгуультай холбоотой өөр хуулиар зохицуулна гэсэн тайлбарыг хийж байгаа. 108, 99 хоёрын хооронд нэг их зөрүү байхгүй. Харин агуулга нь өөр юм билээ. 54 нь гишүүн нь орон нутгийн төлөөлөл болж олрж ирэх бол 54 нь намын төлөөллөөр орж ирнэ гэсэн үг. Намаас гарсан 54 улс орны нийт эрх ашгийг нэгдүгээрт тавих бол орон нутгаас сонгогдсон 54 тухайн тойргийнхоо хөгжлийн төлөөх эрх ашигтай уялдуулах юм. Ингэснээр МУ-ын нийт бодлогыг уялдуулөх нөхцөл хангагдана гэж харж байгаа. Ерөнхийлөгчийн энэ санал үндэслэл тооцоолол тодорхой юм билээ. Тиймээс бид үүнийг дэмжиж байгаа. Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээх ёстой зарим нөхөд эцэг хуульд гар дүрээд явж байгаа нь Монголын төр ямар байгааг харуулж байгаа юм” гэв.

-Гишүүдийн тоог заавал нэмэх шаардлага байгаа юм уу. Одоо байгаа 76 гишүүнийг сонгохдоо холимог тогтолцоогоор сонгоод явах боломжтой биз дээ?

-Тоондоо асуудал байгаа юм биш. 1992 онд хүн амын тоо 2 сая гаран байсан үед 76 гэсэн тоог баталсан. Одоо хүн амын тоо хэд байгаа билээ. Гэхдээ тоондоо гол нь биш тогтолцоогоо органик хуулиар зохицуулна гээж байгаа. Ерөнхийлөгчийн оруулж байгаа санал бол . Тогтолцооных нь хувьд судалгаа тооцоотой орж ирж байгаа Ерөнхийлөгчийн саналаа дэмжээд явъя гэж байгаа юм. Бид ирэх 20, 30 жилийн хөгжлийн бодлогын суурь бичиг баримтыг батлах гэж байна шүү дээ. Тэгэхээр 20 жилийн дпараа гэхэд хүн амын тоотой харьцуулахад 76 гишүүн гэдэг хэтэрхий бага.