Монголчууд болж л өгвөл Солонгос, АНУ, Европын аль нэг улс руу гарч, ажиллах хүсэлтэй болчихлоо. Тиймдээ ч гадны улсуудын Элчин сайдын яамны үүдийг сахиж, визийн хариу гарахыг хүлээдэг. Тэр дундаа Солонгосын Элчин сайдын яамнаас утасдахыг тэсэн ядан хүлээж, хэдэн сар гэгэлздэг болоод удлаа. Гэтэл саяхнаас “шидэт” бөө гарч ирж, визийн материал өгөхдөө хийх домын аргыг зааж өгчээ.
Түүнээс болсон уу, яасан Солонгосын албаны хүмүүс ирж, манай Ерөнхийлөгчтэй уулзаад, визийн хариуг 10 хоногийн дотор өгдөг болох талаар ярилцжээ. Эрхэм зайрантан ч аргагүй “шидэд” нэвтэрсэн бололтой. Дом хийх арга нь ч энгийн юм билээ. Гадаад паспортныхаа аль нэг хуудасны өнцөг дээр маш жижиг дусал хөхний сүү дусааж хатаана. Зул өргөөд, бадмаар нь зүүн хөлийн шагай орчимд тэмдэг тавина. Гол нь гэрээсээ гарахдаа хийх ёстой. Мөн тав юм уу тэгээр төгссөн зоосон мөнгө материал өгөх газраасаа 300-400 метрийн зайнаас сайн сайхан зүйл бодоод, өргөх хэрэгтэй гэнэ.
Гурван шашны дэлгүүрээс арц аваад хооронд нь холиод утаж, бодож санах зүйлээ хэлж гуйж, даатгана. Гадаад паспортаа өгөх хүртлээ ногоон хадганд боогоод, хүндтэй газраа тавина. Ингээд л виз чинь ногоон гэрлээр гарна даа. Маш амархан. Гэхдээ Солонгост ажиллаж байсан, АНУ руу явсан, олон удаагийн визтэй эмэгтэйн хөхний сүү дусаавал дом биелэх магадлал өндөр болно. Эрхэм зайрантан тэрийг жаахан дутуу бодсон юм шиг байна.
Солонгосын болон АНУ-ын элчингийнхэнд хандаж хэлэхэд, хашааны чинь ойролцоо 300 метр орчимд зоос овоорч магадгүй шүү. ТҮК-ийн ажилчид зоос овоороод байвал битгий хуу хамаад авчихаарай, хэдэн ч болов монгол гадагшаа явж, ажил хийж, мөнгө олог. Бас шашны дэлгүүрүүд ногоон өнгийн хадагныхаа үнийг огцом нэмэх юм бол ШӨХТГ-т хандана гэж мэдээрэй. Нэмээд хэлэхэд, хамгийн сүүлчийн хүн нь нисэх буудлынхаа гэрлийг унтраахаа мартав аа.