ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Тогтохсүрэн: Сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгах шаардлагагүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-26

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, 99 гишүүнтэй байх нь зөв гэдэгт санал нэгдсэн. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс энэ талаар тодрууллаа.  

-Танай намын бүлэг хуралдаж, Ерөнхийлөгчийн саналаас заримыг нь хүлээж авсан гэсэн мэдээлэл байгаа. Чухам ямар саналыг нь хүлээж авав?

-МАН-ын бүлэг хуралдсан. Ерөнхийлөгчийн саналуудыг хэлэлцсэн. Хэд хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, Ерөнхийлөгч УИХ-ын гишүүний тоог 108 болгох санал өгсөн. 108 болохоор гурван оронтой тоонд хүрээд, арай их байна гэж бүлэг үзсэн. Тиймээс багасгаж, 99 болгохоор ярьсан. Хоёрдугаарт, сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал. Сонгуулийн тогтолцоог заавал Үндсэн хуульд тусгах шаардлага байхгүй. Сонгуулийн хуулиараа зохилцуулахад л болно. Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог тусгаад өгчихвөл магадгүй дөрвөн жилд нэг удаа “эцэг” хуулиар оролдвол яах вэ. Үндсэн хуульд хамгийн багадаа 20, 30 жил өөрчлөлт оруулахгүй байх ёстой. Тиймээс Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоо, журмыг тодорхой тусгаж өгөх нь хэврэгшүүлэх магадлалтай гэж үзсэн. Шүүхийн тогтолцоотой холбоотой асуудлаар хэд хэдэн саналыг хэлэлцсэн. Шүүхийн Ерөнхий зөвлөлийг бие даасан байдлаар байх ёстой. Ингэж байж шүүгч хараат бус үйл ажиллагаа явуулах нөхцөл нь бүрдэнэ гэж үзэж, бие даасан байх ёстой гэдгийг нь дэмжсэн.  Бусад шүүгч нарт тавих шаардлагыг Үндсэн хуульд тусгах шаардлагагүй. Шүүхийн тухай хуульд тусгахад болно гэж үзсэн. 

-Нийт хэдэн саналын хэдийг нь танай намын бүлэг дэмжиж байгаа юм бэ?

-49 саналыг 16-г нь хөндөөгүй. 33 саналыг нь хөндсөн юм. Тэр саналуудыг хэлэлцээд, өөрчлөх боломжтойг нь өөрчлөөд явж байна. 16 саналын хувьд 10-ыг нь авсан. Тухайлбал, намтай холбоотой санал байна. Ерөнхийлөгч намын гишүүнчлэлийг 50 мянга байна гэсэн. Гишүүнчлэлийн тоог өндөр болгож байгаа нь намуудын сахилга хариуцлагыг дээшлүүлнэ гэсэн үг. Нам сахилга хариуцлагатай болж байж төр сайн болно.  Тэр утгаар нь энэ саналыг дэмжсэн. Гэхдээ 50 мянга гэдэг арай өндөр байна. Сонгуулийн насны иргэдийнхээ нэг хувь байхаар тусгавал зүгээр гэж үзсэн. Тэр нь 20 мянга орчим хүн гэсэн үг. 

-АН-ын зөвлөлийн саналуудыг хэлэлцсэн үү. Үндсэн хуульд эдийн засаг, төсөвтэй холбоотой заалтуудыг оруулж өгөх саналыг тавьсан юм билээ?

-Д.Эрдэнэбат дарга өөрөө ажлын хэсэг хуралд оролцож, саналууд тавьж байгаа. Ер нь АН-ын тавьсан 25 саналыг 17-г нь базаад, оруулсан. Цаана нь найман санал үлдсэн. Татвар, өрийн хэмжээтэй холбоотой асуудлыг заавал Үндсэн хуульд оруулах шаардлага байна уу. Үндсэн хуулийг хамгийн багадаа 20-30 жил өөрчлөхгүй явах ёстой. Гэтэл өрийн хязгаартаа өөрчлөлт оруулах гээд л өөрчлөх болох уу. Амьдрал баян шүү дээ. Тийм болохоор өрийн хязгаарыг Үндсэн хуульд оруулах хэрэггүй гэж үзсэн. 

-Гишүүдийг эгүүлэн татах заалтыг Үндсэн хуульд оруулах саналыг АН-ын зөвлөлөөс тавьсан гэсэн. Танай намын бүлэг ч энэ саналыг дэмжсэн юм билээ. Энэ талаар?

-Энэ саналыг дэмжиж байгаа. Бид ч өмнө нь ажлын хэсэг, байнгын хорооны хурлын үеэр гишүүдийг эгүүлэн татах заалтыг дэмжсэн. Хууль зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарвал гишүүдийн олонхийн саналаар эгүүлэн татна гээд тусгаад өгчихсөн. 

-Гишүүдийн настай холбоотой заалтыг өөрчлөх үү. 25 гэдэг хэтэрхий залуу байна гэж үздэг шүү дээ?

-Энэ заалт огт хөндөгдөөгүй. Анх Үндсэн хуульд өөрчлөлт оруулна гэхэд санал гарсан. Гэхдээ хүний эрхийг хэтэрхий хаасан  болох гээд байгаа учраас больсон. Төлөвшсөн, сайн хүн сонгох гэдэг чинь сонгогчдын эрх шүү дээ.