“Нутгаас минь савраа тат. Би та нарт эх нутгаа ухуулахгүй” хэмээн уйлж буй залуугийн бичлэгийг олж харсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариуцлагын “сэлэм”-ээ уул уурхайн салбарт эргүүлж эхэлсэн нь саяхны үйл явдал. Хэдийгээр уйлсан этгээд нь өөрөө “нинжа” байсан, Ерөнхий сайдыг хуурчихсан нь ил болсон ч хариуцлагын сэлмийн эрчээ бууруулаагүй юм, манай сайд. Өмнөговь аймагт хууль бусаар олборлолт явуулж байсан хэд хэдэн аж ахуйн нэгж болон Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаснаа зарлаж, энэ улсад эзэн байдаг гэдгийг мэдрүүлнэ хэмээлээ. Энэ эрч хүчээ алдахгүй явсаар өнгөрөгч долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар 19 аж ахуйн нэгжийн 23 лицензийг цуцлах шийдвэр гаргачихав. Энэ шийдвэрийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцуулсан бөгөөд “Бид өмнө нь 202 аж ахуйн нэгжид хуулийн хүрээнд ажлаа явуулах, мөн нөхөн сэргээлтээ хууль ёсны дагуу хийх ёстой гэдэг шаардлага хүргүүлсэн. Гэтэл эдгээр аж ахуйн нэгжүүд шаардлагыг биелүүлээгүй учраас цуцалж байгаа юм. Мөн хууль хяналтын байгууллагад мэдэгдэнэ” хэмээн онцолжээ.
Найр наадмын үеэр гаргасан Ерөнхий сайдын цочмог шийдвэр олон нийтийг талцуулах нь мэдээж хэрэг байв. Нэг хэсэг нь “Поп зангаар уйлсан нэг нөхөрт хууртагдлаа. Одоо эзэнгүй болсон уурхайнуудад нинжа нар очно. Эхнээсээ сүйдлээд эхэлчихлээ. Гэнэтийн ийм шийдвэр эдийн засагт хүндээр тусна. Популизм гэдэг ийм хортой. Засгийн газарт ийм олон компаний нөхөн төлбөрийг барагдуулах мөнгө байхгүй” хэмээн шүүмжлэв. Нөгөө хэсэг нь “Ура, У.Хүрэлсүх зоригтой, шийдэмгий байна. Тэр яах аргагүй эх оронч юм” хэмээн уухайлж байгаа. Еэвэнгийн хоёр тал гэдэг шиг хоёр талын магтаал, шүүмжлэл аль аль нь буруу биш. Гэнэтийн сэтгэл хөдлөлөөр гаргасан энэхүү шийдвэр эдийн засагт халтай юу гэвэл маргах хүн гарахгүй. Тэгээд ч уул уурхайгаас бусад эдийн засгаа хөл дээр нь босгож чадаагүй манайх шиг улсад огцом гаргасан шийдвэр сайнаас илүү саараар тусна гэдгийг мартаж боломгүй билээ. Нөхөн төлбөрийн мөнгө хаана байгаа юм. Уул уурхай бол баялаг бүтээж буй энэ нийгмийн нэг хэсэг. Монгол Улсын эдийн засагт мөнгө эргэлдүүлж байгаа, тодорхой тооны хүмүүсийг ажлын байртай болгож байгаа гол салбар. “Нэг лиценз цуцлахад л 400 хүн ажилгүй боллоо” гэдэг үнэнээс нэг их хол зөрөхгүй мэдээлэл.
Тиймдээ ч хэтэрхий шийдэмгий байдал нь хөрөнгө оруулагчдыг үргээх вий, баялаг бүтээгчдээ бүгдийг нь хулгайч, луйварчин гэж хардаг болох вий гэсэн болгоомжлол байгааг Ерөнхий сайд ч энэ өдрүүдэд ойлгож суугаа биз. Гэхдээ хууль бусаар үйл ажиллагаа явуулж буй, гол мөрөн бохирдуулж буй хүний, өөрийн ямар ч хариуцлагагүй этгээдтэй тэмцэх нь зүйн хэрэг гэдэг үнэнээс хэн ч гөжихгүй билээ. 100 хувь хоёр гараа өргөөд дэмжинэ, ийм асуудлыг. Ерөнхий сайдын хариуцлагын сэлэмний үзүүрт хамгийн их өртсөн хүн алдарт “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр болж таарлаа. Түүний Архангай аймгийн Цэнхэр суманд эзэмшдэг 13 лицензийг цуцалсны дараа ч тэр “Засгийн газрын шийдвэртэй санал нэгдэж байна” хэмээн ярилцлага өгсөн байна билээ. Өмнөговь аймгийн Гурвантэс зэрэг сумдад үйл ажиллагаа явуулж байсан компаниуд ч нөхөн төлбөрөө авчихвал орд газрыг эргүүлэн өгөхөд бэлэн гэдгээ мэдэгдлээ. Нэг үгээр хэлбэл, компаниуд буруугаа ухаарч, Засгийн газрын шийдвэрийг сөрөхийг хүсэхгүй байна гэдгээ үүгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Засгийн газрын шийдвэр гарснаас хойшхи эдгээр өдрүүдэд Мэргэжлийн хяналт болон ЦЕГ, Тагнуулын ерөнхий газар, Онцгой байдал, Газрын харилцаа, хот байгуулалт зэрэг албан байгууллагуудын мэргэжилтнүүд Өмнөговь, Сэлэнгэ, Архангай аймгуудад ажиллаж, хууль бус алт олборлолт хийж байгаа иргэд болон хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй компаниудын үйл ажиллагааг зогсоох талаар ажиллаж эхэлжээ. Шийдвэр гарснаас хойш хоёр хоногийн хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумаас 216 эксковатор, 186 кофшыг олборлолтын талбайгаас гаргажээ.
Мөн 42 усан бууг задалж ачин, ууланд нуугдсан 28 машин механизмыг хураан авсан аж. Энэ мэт зөрчил Сэлэнгэ, Өмнөговь аймгуудад ч бүртгэгдэж байгаа гэнэ. Хүдэр, Ерөө сумдад гэхэд л ууланд техникээ нуучихсан байсан зөрчил илэрсэн байх юм. Хамгийн гол нь хууль бус техникээ уулын бэлд нууж, харьяалалгүй нуугдаж гэр барьчихаад хэн дуртайгаа хүслээрээ доромжилж, “Энэ улсын бүх баялаг биднийх” хэмээн даналзаж буй хүмүүс нь буух мөртэй, буцах эзэнтэй компаниуд биш “нинжа” нар байгаад л асуудлын учиг оршиж байна. Та ойлгож байгаа байлгүй дээ. Зарим нь бүр “Ерөнхий сайд энэ улсын баялаг ард түмнийх гэж хэлсэн. Бид баялгаа авах гэж байна” хэмээн даналзаж байгаа бичлэг ч цацагдаж байх юм. Санаатай юу, санаандгүй бичлэг үү гэдгийг энд шүүх хүн нь би биш. Зориуд ийм бичлэг ч цацсан ч байж мэднэ. Гэвч яахаас ч буцахгүй болсон “нинжа” нарын гараар сүйдэж буй газар нутгийн хохирол нь хариуцлагагүй компанийн ухсан газар нутагтай бараг л дүйцдэг гэдгийг Заамарын бодит жишээ бидэнд харуулсаар байгаа билээ. Өнөөдөрхөн өнгөө сэргээн өндийж байгаа Орхон гол маргааш бүр ширгэчихсэн байх вий гэсэн айдас нуугдах болов.
Тостын нуруу чинь тоосонд бүдгэрээд үлдэх вий дээ. Мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт хийж явахад уулан дунд машин тэргээ нуусан, бүртгэлгүй нүүж ирээд буучихсан, тухайн сумын харьяат биш 100 гаруй иргэд байсныг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн гэнэ, сонсож, дуулсан байх аа. Уул уурхайн компаниудын лицензийг цуцаллаа гэх чимээнээр л машин, машинаар дүүрэн “нинжа” Өмнөговь, Архангай руу явж байгаа гэх мэдээллүүд ч гарч байна, уншсан байлгүй дээ та. Энэ бүхнийг цөөхөн хэдхэн байгууллагын албан тушаалтан зогсоож чадна гэдэг юу л бол. Цагдаагийн байгууллага мөрдөж шалгаад, хоногийн 24 цагаар манаж чадахгүйгээс хойш цуцалсан лицензүүдийг ашиглах гэсэн “нинжа” нар хуйгаараа дайрах нь ч тодорхой байна, Ерөнхий сайд аа. Орчин цагийн “нинжа” нар өмнөх үе шиг ногоон түмпэн бариад дайрдаггүй юм билээ. Мөнгөн ус, орчин үеийн алт хайгч төхөөрөмж, ковш гэх мэт өөрт хэрэгтэй бүх л техникээр өвч зэвсэглэсэн бригад болоод явдаг болчихсон байна билээ. Хүрз, түмпэн хоёроор зэвсэглэсэн “нинжа”-г уул толгодын хаанаас ч хайгаад олдохгүй цөвүүн цаг ирчихээд байна шүү. Тиймээс нэгэнт л эргүүлсэн сэлмээ буулгахаасаа өмнө “нинжа” нараа бас цэгцлэхгүй бол болохгүй нь ээ, Ерөнхий сайд аа. Ухуулахгүй гэж байгаа бол нөхөн сэргээлтийн компаниудаар ажлыг нь хийлгэ.
Нөхөн сэргээлт нэрээр ухаад эхэлдэг жижиг гарын наймаачдыг ч шалгаж, хянахаа мартуузай. Шаардлагатай бол цэрэг, армиа хөдөлгөөд ч болов эдгээр лиценз, орд газруудаа “нинжа” нараас хамгаалмаар байна, та. Тэдэнд хариуцлага тооцох хүн олдохгүй. Нэгийг нь бариад торгоход маргааш нөгөөх нь очоод л ухдаг. Нэг компанитай дайн зарлахаас ч хэцүү асуудал яг одоо таны өмнө, таны гаргасан шийдвэрийн дараа үүсэх эрсдэл үүсчихлээ. Үүнийг цэргийн хүчээр болтугай дармаар байгаа юм. Ингэлээ гээд танк зогсоож, буу шийдэм агсаад зогс гэж хэлсэнгүй. Иргэнийхээ өмнөөс буу шагайх ч шаардлагагүй. Армийн олон цэргүүдээр 24 цагийн манаа гаргаж, нөхөн сэргээлт бүрэн явагдаж дуусах хүртлээ хяналттай болгомоор байна. Нөхөн сэргээж байгаа компаниудаа ч хянах хэрэгтэй биз дээ. Эс тэгвээс буух эзэнгүй “нинжа” нар хууль бусаар хулгай хийж байсан компаниас хамгаалсан газар шороог чинь нүд ирмэх төдийд л сүйдэлж хаях нь байна шүү. Сайны дотор саар нь их гэгчээр таныг хуурч орхисон нинжа ах шиг “хуурамч” эх орончид энэ улсад хаа сайгүй байдгийг эрхбиш хоёр нүдээрээ харж, хоёр чихээрээ сонсож суугаа гэж найдъя. Монгол Улсад хариуцлагын сэлэм эргүүлэх цаг нь болчихсон. Үүнийг та хамгийн сайн хийж байгаа. Гагцхүү яг ижил тэгш эргүүлмээр байна. Тэр тусмаа “хулхи”, “хуурамч” эх орончидтойгоо тэмцэхгүй бол популизм, хулгай хоёрт Монгол Улс сүйрэх нь ээ.