Монголчууд бид дээд тэнгэрээс заяат бөртэ чоно, гуа маралын удам, босоо заяатай хүмүүс. Тиймээс дэлхийд өнгөтэй өөдтэй яваа Ази царайтай хүн болгон манайх. Бид өмчилж ч чаддаг ард түмэн шүү. Ганцхан жишээ татъя. CNN телевизийн гол мэдээний хөтлөгч Амара Уолкер манайх. Ш.Амаржаргал гэдэг нэр өгөөд, манай улс өмчилчихсөн. Уг нь тэр бүсгүй Солонгос хүн.
Гэхдээ манайхан Ш.Амаржаргал гэдэг нэртэй, монгол бүсгүй гэж хэлсэн л бол бандан тас. Бүр УИХ-ын даргын туслах хүртэл цахим хуудасдаа нийтлээд, монгол гэдгийг нь баталчихсан. Одоо солонгосчууд булаацалдаад ямар ч нэмэргүй. Цаашлаад Азийн улс орнуудын хүмүүст анхааруулъя. Тэр дундаа Солонгос, Япон, Казахстан, Киргизстан улсын иргэд монголжуу нэр хүүхэддээ битгий өгч бай. Дэлхийд гарчихвал манайхан өмчлөөд авчихна. Амара гэдэг чинь яах аргагүй монгол нэр байгаа биз дээ. Амаржаргал гэдэг нэрийг манайхан л товчилж Амараа гэж дууддаг. Ямар ч гарцгүй, тэр монгол бүсгүй. Удахгүй манай том даргын туслах даргадаа хэлж байгаад, Монголын иргэншил өгөх байх.
Цаг хугацааны л асуудал. Тэнгэрлэг ард түмэн дөмөгхөн иргэнтэй байх ёстой. Дэлхийн хэмжээнд танил болсон хүмүүсийнхээ тоог бид нэмэх бодлого барих хэрэгтэй. Тиймээс монголжуу нэртэй л бол өмчил, хамаагүй. Тэнгэр удамтай хүмүүсийн нэг гэдгээ мэдээд Амара баярлах нь гарцаагүй. Биш ээ, Ш.Амаржаргал. Тэр хүн одоо болтол монгол хүн гэдгээ мэдээгүй ч яваа ч юм бил үү, төрийн төлөөлөл ойрын үед очиж уулзаад, хэлсэн дээр шүү.