ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сайд ажилд авна

А.ОДСҮРЭН
2019-08-28

Дөрвөн жилийн хугацаанд дөрвөн ч удаа Засгийн газраа огцруулж чаддаг шийртэй улс орон Монголоос өөр байгаа л байх л даа. Гэхдээ тэд хоёр гуравхан саяулаа биш болохоор түрүүчийнхээсээ арай дөмөгхөнийг олоод тавьчихаж чадаад байгаа юм. Манайд бол Их хуралд суугаа 76-гаасаа жаахан халиад өмнө нь сайд хийж байсан, агентлаг удирдаж байсан хүмүүсээ оролцуулаад 100 гаруйхан хүний дунд л эргээд байна.

Нэг хүн хэдэн ч Засгийн газарт ямар ч яаманд очиж, аль ч салбарыг удирдах авьяастай. Сангийн сайд байсан хүн Хүнс, хөдөө аж ахуйн яамыг, Барилгын сайд байсан хүн Батлан хамгаалах яамыг толгойлох нь байдаг л зүйл. Монголчууд толгой сайтай, гүйлгээ ухаантай гэдгээ иймхэн юман дээр харуулахгүй бол өөр юун дээр гайхуулна гэж. УИХ 99 гишүүнтэй байх эсэхээс үл хамааран дан тэрлэг дээрээ давхар тэрлэг нөмөрчихөөд халуун зунаар гүйгээд л байна. Хар хөлс нь цувна, хөлөрнө, халууцна гэж үгүй.

Харин ч давхар байх тусмаа халууцахгүй, халшрахгүй. Удахгүй аравдугаар сард Хүкийн Засгийн газрыг огцруулна гэнэ. Огцрох байх л даа. Огцруулна л гэсэн бол огцруулдаг мундагууд шүү дээ, манайхан чинь. Харин энэ удаа жинхэнээсээ сайд хийх хүн олдох болов уу, энэ удаагийн эрх баригчдад. Нам нь хоёр хуваагдчихсан байсан чинь Их хурал дахь намын бүлэг нь хоёр хуваагдчихсан. Хотын фракцийнхан 60 тэрбумын наймаандаа ороогдоод сураг алдарсан энэ үед одоогийн парламентад суугаа дайсны цэргүүд нь Хүкийнхээ гэзгийг ороох дээрээ туллаа.

Засаг уналаа, Засгийн газрыг хэн хэн бүрдүүлэх вэ гэж бодохоор л жинхэнэ айдас хүйдэс. Энэ удаагийн бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаанд МАН-ын бүлгийн 65-аас сайд хийгээгүй нь хэн билээ, хэд билээ. Сүхбат Боловсролын сайд болох уу, Оюундарь Сангийн сайд хийх үү. Үгүй л байгаасай. Харин МАН-ын бүлэг “Сайд хийх хүн ажилд авна” гэсэн зар тавьж, эртнээс сонгон шалгаруулалтаа хийж байсан нь дээргүй юу. Аль эсвэл Ардчилсан намаа царайчлах уу.