ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Танил биш газар та ч бас шинэков

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-29

Хичээлийн шинэ жил эхэлж, зуны гурван сар эл хуль байсан нийслэлд хөл хөдөлгөөн эхэлжээ. Үүнтэй зэрэгцээд хөдөөнөөс ирсэн шинэхэн оюутнуудыг гоочлох давалгаа эхлэв. Хөдөөний оюутнууд хотод дасахад мэдээж бэрх. “Хөдөөнийх” гэсэн пайз зүүчихээд явж байгаа юм шиг л хүн бүхэн бүдүүлэг гэсэн хандлагаар харьцана. Яагаад ч юм бид хөдөөнийх л бол бүдүүлгийн тоонд автоматаар хамаатуулж орхидог. Автобусанд суухад “морь малаа унаад явж байгаа юу хөдөөний мангар минь” гэж аашлуулах бол энүүхэнд. Мэдээж тэд мэдэхгүй учраас алдаа гаргана.

Бусдын нүдэнд бүдүүлэг гэж харагдахаар үйлдэл ч хийнэ. Гэтэл өөрсдийгөө хөдөөнийхнөөс тусгаарлаж, соёлт бүлэгт хамааруулсан хотынхны энэ үйлдэл хэр соёлтой хандлага вэ. Мэдэхгүй газар, танихгүй орчинд, идээшихэд тэдэнд ч бас хугацаа хэрэгтэй. Дасал болсон газраасаа тэс ондоо орчинд очсон ямар ч хүнд дасах хугацаа, танилцах цаг хэрэгтэй. Хотынхон гадны орны нэг хотод очлоо гэж бодъё. Тэндхийн юм бүхэн танил бус. Танил биш газар та ч бас шинэков. Яг л хөдөөнөөс хотыг зорьж ирээд, суурин амьдралд дасах гэж будилж яваа шинэхэн оюутантай л адил. Тэгэхээр хөдөөний оюутнууд та бидний тодорхойлоод байгаа шиг бүдүүлэгтээ биш, соёлгүйдээ ч биш юм шүү. Шинэ орчинд дасч амжаагүй учраас л  хотынхноос ялгараад байгаа юм.

Мэддэггүй зүйлээ сурах гэж, шинэ орчинд дасах гэж байгаа нь бүдүүлэг үйлдэл огтхон ч биш билээ. Магад сарын дараа л их хотын амьдралын энгийн дүрмийг мэддэг болно. Жилийн дараа жинхэнэ хотын оршин суугч болчихно. Тиймээс хөдөөний гэж бүдүүлгийн бүлэгт автоматаар хамаатуулах бус тэдэнд их хотын оршин суугч болоход нь туслах нь соёлт хүний үйлдэл болох юм шүү. Харин мэдэхгүй зүйлтэйгээ танилцах гэж явааг нь бүдүүлэг хэмээн гоочилж, адлах нь соёлтой үйлдэл огтоос биш. Их хотод тавтай морил хэмээн элэгсэг угтаж, энгийн зүйлийг заагаад л өгчихье. Залуус та нар ч хурдан суралцаарай.