ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Шүүгч М.Батсуурьт сахилгын шийтгэл оноолоо

А.ОДСҮРЭН
2019-08-30

-ШЕЗ-ийн Сахилгын хороо М.Батсуурийг буруутай гэж үзвэл Ерөнхийлөгчид шүүгчийн эрхээс нь түдгэлзүүлэх санал хүргүүлнэ-

 

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн тан­химын тэргүүн М.Бат­суурьт Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын шийтгэл оноосон шийдвэр гаргасан талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өчигдөр мэдээллээ. Тэрбээр “М.Батсуурь Худал­даа хөгжлийн банкны Хууль эрхзүйн газрын дар­гаар ажиллаж байсан. Аав Мишиг нь “Эрдэнэт” үйлд­вэрийн 49 хувийг худал­дан авах хөрөнгийн эх үүс­вэрийг бүрдүүлэхэд оролц­сон “Юнайтед Энержи” ком­панийн захирлаар ажиллаж байсан. Үүнийгээ АТГ-т гар­гаж өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаагүй гэдэг нь нотлогдсон. Зас­гийн газрын холбогдох агент­­лагууд “Эрдэнэт” үйлд­вэрийн 49 хувийн худалдан авалтын асуудалд тухай бүрт нь гомдол гаргаж байсан. Гэвч төлөөллийг нь оролцуулахгүйгээр шүүх хурлууд өөрчлөгддөг.

Тэр шүүх хурлуудыг Мишигийн Батсуурь даргалдаг байсан тул шалгуулахаар холбогдох газарт нь хандсан.   М.Батсуурь “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой хэргүүдийг өөр дээрээ авч, нөгөө талд үйлчилсэн гэх хардлага төрүүлсэн” хэмээн ярилаа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг “Монголын зэс” корпораци ОХУ-ын “Ростех”-ээс худалдаж авахдаа нийт 400 сая долларын санхүүгийн эх үүсвэрийнхээ 70 хувийг төрийн мөнгөөр бүрдүүлсэн. Тиймээс УИХ дээр 49 хувийг “Монголын зэс” корпорациас төр өөрийн мэдэлд авах нь зүйтэй гэсэн УИХ-ын 23 дугаар тогтоолыг гаргасан байдаг. Ингэхдээ Засгийн газрыг “Монголын зэс”-ээс дээрх 49 хувийг хэлцэл хийх замаар авах ёстой гэж Засгийн газарт даалгасан байдаг. Гэвч Засгийн газар 49 хувийг шууд төрийн мэдэлд бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасныг “Монголын зэс” корпораци хууль зөрчсөн хэмээн үзэж шүүхэд хандсан түүхтэй. Энэ хэргийг шүүх хэлэлцээд “Монголын зэс” корпорацийн талд шийдвэр гаргасан юм.

Тухайлбал, УДШ-ийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 329 тоот тогтоолоор “Монголын зэс корпораци”-ийн нэхэмж­лэл­тэй Монгол Улсын Зас­гийн газар, Төрийн өмчийн бод­лого зохицуулалтын га­зар, Оюуны өмч, улсын бүрт­гэлийн ерөнхий га­зарт холбогдох хэргийн тухай шүүх хуралдааныг М.Бат­суурь даргалж, шийдвэрийг “Монголын зэс корпораци”-ийн талд гаргасан байдаг. М.Батсуурь өмнө нь буюу 2009-2011 онд Худалдаа хөгжлийн банкинд Хуулийн газрын захирлаар ажиллаж байгаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр хоёр жил ажиллаад Улсын дээд шүүх рүү дэвшсэн. Ийнхүү ажиллаж байсан байгууллагынхаа талд шийдвэр гаргасан хэмээн үзэж Засгийн газар энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандсанаас хойш бараг дөрвөн сарын нүүр үзээд байсан юм. 

Тухайн үед ЗГХЭГ-ын дарга Д.Оюун-Эрдэнэ “Энэ асуудал, хардалт батлагдвал М.Батсуурь шүүгч ажлаа өгөх ёстой. Аав нь энэ мөнгө угаалтын системд орсон 11 компанийн нэгнийх нь захирлаар ажилладаг байж. Харин Засгийн газар АТГ-т өөрийнх нь асуудлаар хандсаны дараа Худалдаа хөгжлийн банкинд ажилладаг байсан нь ч, аав нь ямар үйл ажиллагаа эрхэлдэг байсан нь ч ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал биш хэмээн тайлбарлаж байлаа. Түүнчлэн Худалдаа хөгжлийн банк гэсэн үг өгүүлбэр энэ хэрэгт байхгүй “Монголын зэс корпораци” л гэж бий хэмээн мэлзэж байлаа. Яг л чинийх гурав, минийх гуравхан гэдэг шиг. Шүүгч М.Батсуурь “Миний аавыг Д.Мишиг гэдэг. Хүмүүс Миша гэдгээр нь сайн таньдаг. Тэр компанид 2011-2015 онд гүйцэтгэх захирлаар нь ажиллаж байхад нь 70 сая долларын гүйлгээ огт хийгдээгүй. Баатар гэдэг ганц хүний нэр дээр байдаг компани” гэсэн байдаг. Мөн өөрийгөө ашиг сонирхлын зөрчилд холбогдоогүй гэдгээ шалгуулахаар АТГ-т хандсан гэдэг ч одоог болтол ямар ч мэдээлэл гараагүй байгаа. 

Зөвхөн “Эрдэнэт”-ийн 49 хувьд ч биш стратегийн ордтой холбоотой маргаанууд ч М.Батсуурь шүүгчийн гараар орж хувьчлагдсан байдаг. Тухайлбал, Гацуур­тын орд буюу Ноён уулын мар­гаан шүүхийн ша­танд 40 гаруй удаа хойш­лог­дож байсан удаа­тай. “Сентерра Гоулд” компанид олго­сон Гацууртын ор­дын лиценз Ноён уулын булш, түүх соёлын үнэт дурс­­галуудыг хөн­­дөхөөс хам­­гаал­сан нут­­гийн ир­гэ­дийн нэхэмж­лэл­тэй мар­гаан хоёр жил га­руй үр­гэл­жилж анхан шат­ны шүүхээс лицензийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Гэвч Улсын дээд шүүхэд 2018 оны арваннэгдүгээр сарын 14-нд болсон шүүх хурлыг М.Батсуурь шүүгч даргалж, “Сентерра гоулд”-ын тусгай зөвшөөрлийг цуцлах шаардлагагүй гэх шийдвэрийг гаргаж байлаа. Түүнчлэн Хөвсгөл аймгийн нутаг дахь Бүрэнхааны фосфоритын орд бол стратегийн орд. Энэ ордтой холбоотой маргаан одоогоос 10 гаруй жилийн өмнө эхэлж, мөн л жил орчим сун­жир­сан. Бүрэнхааны ордын найман тусгай зөвшөөрлийг “Талст маргад” ХХК эзэмшдэг бөгөөд мөн л хууль бусаар лиценз авсан гэх маргаан. Хөвсгөлийн төрийн бус байгууллагууд, нутгийн иргэдийн тэмцэл гурван шатны шүүхэд ялсан боловч мөнхүү нэг л өдөр М.Батсуурь шүүгчийн шийд­вэрээр, Бүрэнхааны ордтой холбоотой шинэ нөх­цөл байдал үүссэн гэх үн­дэс­лэлээр маргааныг сэр­гээж, дахин гурван шат­ны шүүхээр оруулан тус­гай зөвшөөрлүүдийг нь сэргээсэн байдаг. Энэ мэт­чилэн М.Батсуурь шүүгч стратегийн ордуудын хууль бус лиценз луйвруудыг ам­жилттай өмгөөлж байжээ. 

УИХ-ын гишүүн Х.Ням­баатар “Цензургүй яриа” нэвт­рүүлэгт оролцох­доо “Монголд сая долларын хад­га­ламжтай, таван настай хүү нь 500 сая төгрөгийн хадгаламжтай шүүгч байна. Анхан шатны шүүхийн шийдвэр таван мянган доллар, давж заалдах шатны шүүхийн шийдвэр 10 мянган доллар, Дээд шүүхийн шийдвэр 20 мянган долларын ханштай байдаг” хэмээн ярьж байсан нь бий. Энэ бол хардалт биш баримт гэнэ лээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийг “эзэн”-ий талд гаргахад ийм хэмжээний авилга авдаг “хонгил”-ын шүүгчид Монголд цөөхөн боловч байна гэдгийг хэн хүнгүй ярьдаг, бичдэг. Хонгилын шүүгчид хариуцлагын гадна үлдлээ гэх хүмүүс ч бий. Энэ бүхнийг үл нуршин М.Батсуурь шүүгчийн талаар хэвлэлүүдэд гарсан мэдээллийг судалж үзлээ. Тэрбээр Улсын дээд шүүхэд өөрийгөө мерит буюу шатлан дэвших зарчмаар дэвшсэн гэдэг.  1999 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургууль, 2000 онд МУИС-ийн магистрын сургалтад хууль зүйн чиглэлээр сурч хуульчийн мэргэжил эзэмшсэн. МУИС-ийн Хуульзүйн сургуульд захир­лын туслах, тус сур­гуульд багш, Худалдаа хөгж­лийн банкны Хуулийн газрын захирал зэрэг ажлуудыг хийж байгаад 34 насандаа буюу 2011 оноос Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон. Хоёрхон жилийн дараа Улсын дээд шүүхийн шүүгч болж, дахин ганцхан жилийн дараа гэхэд 2014 он гэхэд Улсын дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүнээр ажиллаж эхэлж. Ц.Элбэгдоржийн үед гэсэн үг. Хонгилын шүүх, хонгилын шүүгчийг Ц.Элбэгдоржийн үед бий болсон, үүссэн гэдэг олны үг ортой биз. Монгол Улс 400 гаруй шүүгчтэй бөгөөд тэдний нэг нь 2011 оноос эхлэн наймхан жилийн хугацаанд ингэтлээ суга дэвшинэ гэдэг лав мерит зарчим биш. 

Юутай ч “хонгилын” гэх тодотголтой шүүгч М.Батсуурьт Шүүхийн ёс зүйн хорооноос сахилгын шийтгэл оноосон шийдвэр гаргалаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сахилгын хороо хуралдаж, М.Батсуурийг гэм буруутай эсэхийг тогтоож, гэм буруутай гэж үзвэл Монгол Улсын Ерөнхийлөгчид шүүг­чийн бүрэн эрхээс нь түд­гэл­зүүлэх санал хүр­гүүлэх юм. М.Батсуурьт Монголын шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Сахилгын хорооныхон хэр шударга хандахыг харах л үлдлээ.