Дорнод аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Тус БОЭТ нь 93 жилийн түүхтэй бөгөөд Халхын голын байлдааны ар талд үүрэг гүйцэтгэж эх орноо батлан хамгаалах, цэрэг дайчидтай мөр зэрэгцэн ажилласан гавьяатай аж. Энэ талаар Дорнод аймгийн БОЭТ-ийн захирал хэлэхдээ, "Дивиз хорооны эмнэлэгт эмч сувилагчаа дайчилж, Баянтүмэнгийн эмнэлэгт цэргийн 7 дугаар тасгийг нээн ажиллуулж цэргүүдийг асарч, сувилан эмнэлэг хооронд зөөх гэх мэтээр өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж ирсэн түүхтэй.
Манай баатарлаг түүхтэй ахмад үеийнхэн 1939 оны дайнд оролцоод зогсохгүй 1945 оны чөлөөлөх дайн, дайны дараах хор уршгаас үүдсэн бөөсөн тийп, худаг ус хордолтоос үүссэн өвчин эмгэгийг эмчилж байсан юм. Мөн Монголын анхны мэс засалч, БНМАУ-ын хүний гавьяат эмч, доктор, профессор В. Ичинхорол тэргүүтэй эмч нар дайны үед ажиллаж байлаа". Тус эмнэлэгт Цэргийн гавьяаны улаан тугийн одонг гардуулах ёслолын ажиллагаанд МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г. Байгальмаа УИХ-ын гишүүн БОХХАА-н байнгын хорооны дарга Х. Болорчулуун,МУ-ын Ерөнхийлөгчийн батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, МУ -ын Ерөнхийлөгчин Тамгын газрын төрийн цэргийн асуудал хариуцсан ахлах референт, бригадын генерал Ч.Сайнтөр, Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нар оролцлоо.