Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэг байх тул гол мөрний усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан эрчимтэй нэмэгдэж байна.
2026 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Үүр, Зэлтэр, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул гол (Улаанбаатар хот болон Алтанбулаг сум), Хараа, Ерөө, зүүн хажуугийн Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Хангай нурууны араас усжих Орхон, Урдтамир, Хөгшин Орхон, өврийн Байдраг, Шаргалжуут, Онги (Арвайхээр, Сайхан-Овоо сум), Таац, Зэгстэй, Увс нуурын савын Намир зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар Тэрэлж, Туул (Улаанбаатар хот, Лүн сум), Сөгнөгөр, Балж, Байдраг (Бууцагаан сумын Баянбүрд баг), Таац, Хөгшин Орхон, Хархираа (Тариалан сум) Намир (Өмнөговь сум) зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см давсан байдалтай хүчтэй үерлэж байна.
Маргааш буюу 31-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, Алтанбулаг сум орчимд 25 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 15 см, Онон гол Дадал сум орчимд 30 см тус тус нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу аялаж, амарч, зугаалж яваа ард иргэд, аялагчид үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Мөн эрхэм жолооч тээвэрчид та бүхэн аль нэг аймгийн чиглэлд зорчихоор төлөвлөж байгаа бол гол мөрөн үерлэсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй байх, эвдрэл үүссэн байж болзошгүй баталгаагүй гүүр, далан дээгүүр явахаас татгалзах, автомашинаа голын эрэг, гуу жалга, үерийн амнаас хол, аюулгүй газарт байрлуулах зэрэг үер усны аюулаас болгоомжилно уу?