Нэг бизнесмэн эмэгтэй “Зарим залуус Монголоос гараад явахаараа зөв сэтгэчихээд Монголдоо ирэхээрээ буруу сэтгээд байдаг” хэмээн ярьсан байсан. Ёстой сайхан хэлсэн байгаа биз гэж гадагшаа бодовч, дотроо залуусаа өмөөрч үзлээ. Гадаад ертөнц, гадаад улс гэдэг бол шал өөр ертөнц. Соёлт нийгэмд соёлтой, хүчтэй, мэдлэгтэйгээ гайхуулахгүй бол болохгүй.
Харин хөмөрсөн тогоон дотроо яаж ч илүү сэтгэсэн тэрийг хүлээж авах орчин нөхцөл нь тиймхэн болохоор өөр арга байхгүй. Шинэ санаа, шинэлэг зүйл, аятайхан бизнес, ард иргэдэд ашигтай зүйл санаачлахад хэн ч тэрийг хүлээж авахгүй, төр засгаас нь эхлээд түмт, зуутын дарга нь хүртэл өөртөө ашиг харж, ашиггүй бол “делет” хийчихдэг болохоор илүү сэтгэж, илүү хөдөлмөрлөх хэрэггүй.
Ашиг харж, хонжоо бодож аливааг хийж хэрэгжүүлж сурсан монгол дарга нарт өөрсдөд нь тааруулахын тулд буруу сэтгэнэ, буруу гараар хөлжихийг бодно. Тэдний зөв. Хилийн дээс алхлаа л бол хийхгүй ажил, хэлэхгүй санаа оноо, гаргахгүй амжилт байхгүй чадалтай монгол залуусыг ноу хаугаа Монголд биш, харь оронд ашиглуул гэж зөвлөмөөр байна. Дэлхийд алдартай, фирм группүүдэд ажиллаж, тэднийг хөгжүүлж баяжуулж өгөх хэрэгтэй.
Монголын нэр гарна. Монголдоо санаа тавьсны хэрэггүй. Тэртэй тэргүй мундаг улстөрчид маань эндээ биднийг хулхидаад, луйвардаад, ядуу ч гэсэн амьдруулаад болоод л байна. Мэлхий намагтаа, матар усандаа жаргалтай гэдэг. Илжиг модон хударгандаа ч гэдэг. Зөвхөн Монголдоо сайн сайханд тэмүүлж, мөрөөдөж, хөдөлмөрлөж, борви бохисхийхгүй ажиллаж байгаа сайн монгол залуус аа, гадаадад гарч, өөрсдийгөө үнэлүүл, харийн орны төлөө зүтгэ. Эргүүлгэд орсон амьд амьтан эргэж гарч ирдэггүй гэдэг юм билээ. Эргүүлэгт орохоосоо өмнө энэ улсаасаа явцгаа.