Хүүхдийн зуслангуудын үнэ төлбөр, сургалтын агуулга, онцлог давуу талуудын талаар Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтэн Ц.Очоос тодрууллаа.
-Энэ онд Нийслэлийн хэмжээнд хичнээн зуслан үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
-Нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 35 зуслан байдаг. Үүнээс сүүлийн таван жилд тасралтгүй, идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй 20 орчим зуслан байна. Эдгээрийн 15 зуслан нь хүүхэд ээлжинд авдаг бол бусад таван зуслан нь зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг учраас гаднаас хүүхэд хүлээн авдаггүй.
-Зуслангуудын байршил хаана байдаг вэ?
-Байршлаар нь авч үзвэл Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Налайх, Багануур дүүрэг, Төв аймагт үйл ажиллагаагаа явуулдаг.
-Зуслангуудын дундаж үнэ хэд вэ?
-Энэ жилийн хувьд зуслангуудын долоон хоногийн төлбөр нь 175-220 мянган төгрөгийн хооронд байна. Энэ үнэд зуслангийн бүх үйлчилгээ багтдаг.
-Тухайлбал ямар үйлчилгээ багтах уу?
-Зуслан бүр хүүхэд хөгжүүлэх үндсэн хөтөлбөрөөс гадна тухайн жилдээ өөр өөрсдийн онцлог байдлыг харуулсан хүүхэд хөгжлийн нэмэлт хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал “Чухаг” зуслан хөлбөмбөгөөр, “Янзага” зуслангийн хувьд энэ жилээс урлагийн чиглэлээр түлхүү мэргэшүүлж байгаа. Харин “Цагаан нуга” зуслан Монголын үндэсний өв уламжлалыг хүүхдүүдэд таниулах сурталчлах зорилгоор монгол гэр бариулж байна. Барьсан гэртээ хөтөлбөрөө хэрэгжүүлдэг.
-Зусланд амарснаар хүүхдүүдэд ямар боломжууд гарч ирдэг вэ?
-Хүүхдүүд өглөө 08:00-09:00 цагийн хооронд босч, өглөөний цайндаа орсны дараа багаар болон бүлэг болж ажиллахад суралцдаг. Бүлэг тус бүрдээ уриатай төдийгүй урлаг, спортын олон төрлийн үйл ажиллагаанд хамрагдаж хамтач болж төлөвшдөг. Хүүхдүүд зусланд хамрагдсанаар найз нөхдийн хүрээллээ тэлэх, өөрийн авьяас чадвараа нээх өргөн боломжтой болдог. Зуслангийн багш нар хүүхдүүдийг “Чи заавал ингэ, тэг” гэж шахаж, шаардалгүйгээр хүүхдийг уйдаахгүй, залхаахгүй байдлаар энгийн амьдралын хэвшил дунд нь хөгжүүлдэг.
-Зуслангууд хүүхдүүдийг насны бүлгээр ангилж авдаг уу?
-Насны бүлэг гэж байхгүй. Ерөнхийдөө эхний ээлжид нэгээс гуравдугаар анги, дараагийн ээлжид хоёроос дөрөвдүгээр анги гэх мэтээр дээшлээд явдаг. Наадмаас хойш ахлах ангийн хүүхдүүд түлхүү авдаг.
-Зуслангууд хэдий хүртэл хугацаанд хүүхэд хүлээн авах вэ?
-Хамгийн эхний ээлж зургадугаар сарын 08-наас хүүхэд хүлээн авсан. Хамгийн сүүлийн ээлж наймдугаар сарын 23-нд дуусна.
-Зуслангийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьдаг вэ?
-Нийслэлийн засаг даргын захирамжаар ажлын хэсэг гарч зүүн, баруун гэсэн хоёр чиглэлд хуваагдан жилд хоёр удаа, зуслан эхлэхээс өмнө, зуслангийн үйл ажиллагааны дунд үеэр буюу долдугаар сарын эхээр хяналт, шалгалт хийдэг. Энэ жилийн хувьд эхний ажлын хэсгийн шалгалт дуусаад дүгнэлтийн шатандаа орсон байна. Жил бүрийн наймдугаар сард манай байгууллагаас Засаг даргын нэрэмжит “Хүүхдэд ээлтэй зуслан”-г шалгаруулдаг. Үүнд зуслангуудын хяналт шалгалт, үйл ажиллагааны явцаас хамаарсан бүх үзүүлэлтийг хамтатган шалгаруулдаг. Өнгөрөгч онд “Хүүхдэд ээлтэй зуслан”-аар Батсүмбэр сумын “Мөрөөдөл” зуслан шалгарсан.
О.Цэцэгсүрэн